“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр 2012 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн “Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь” төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн зорилго: Жинхэнэ утгаараа иргэдэд үйлчилдэг ардчилсан, тайлагнан хариуцах чадвар бүхий Засгийн газрыг дэмжих
Төслийн зорилт: Орон нутаг дахь төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, төрийн албан хаагчид, иргэдэд төрийн байгууллагаас мэдээлэл авах, төрийн байгууллагын мэдээллийг нээлттэй болгох, үйл ажиллагааны ил тод, шударга байдалд мониторинг хийх чадавхийг дээшлүүлэх замаар шинээр батлагдсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийг ашиглан үндэсний болон орон нутгийн түвшинд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих
Төслийн хугацаа: 2012 оны 12-р сарын 1-нээс эхлэн 2 жил
Зорилтот бүлэг: 8 аймаг, 20 сумын иргэд, төрийн албан хаагч
Төслийн үр дүн:
1. Төрөөс мэдээлэл авах эрх, ил тод, шударга байдлын төлөө төрийн байгууллагаас хариуцлага нэхэх талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
2. Орон нутгийн төрийн байгууллагуудын мэдээллийг нээлттэй болгох, мэдээлэл авах тухай иргэдийн хүсэлтэд хариу өгөх чадавхыг дээшлүүлэх
3. Үндэсний болон орон нутгийн хэвлэл мэдээлэлд төрийн байгууллагын ил тод, шударга байдалд мониторинг хийх чадавхыг сайжруулж, төрийн байгууллагаас хариуцлага нэхэхэд нь иргэдэд дэмжлэг үзүүлэх
Төслийн үйл ажиллагаа:
• Иргэдийн мэдэх эрх, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн тухай ойлголтыг тандах суурь судалгаа хийх
• Сургалтын аудио, видео материал, иргэдэд зориулсан гарын авлага бэлтгэх
• 20 сумын 400 иргэн, 400 төрийн албан хаагчид мэдэх эрх, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн мэдлэг олгох сургалт явуулах
• Төслийн сумдад цахим хуудас нээх, мессэж ашиглан гар утсаар иргэддээ яаралтай мэдээлэл түгээх систем бий болгож, мэдээллийн технологийн сургалт явуулах. Үүнд зориулан бүх суманд компьютер авч өгнө.
• Иргэдэд ил тод, шударга байдалд мониторинг хийх чадавхи бий болгож, төслийн туршид гурван үе шаттай мониторинг хийх
• Олон нийтэд мэдэх эрх, хууль, ил тод байдал, шударга ёсны тухай мэдлэг олгох зорилго бүхий хэвлэл мэдээллийн сарын кампанит ажлыг хоёр удаа явуулах
• Улаанбаатар хот, төслийн 8 аймгийн сэтгүүлчдэд зориулан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт явуулах
• Сумдад шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах зорилгоор “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийг хэрэгжүүлэх журам боловсруулж батлах, мөрдөхөд арга зүйн туслалцаа үзүүлэх
• Ил тод байдлыг бэхжүүлэх сумын үйл ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөөг иргэдийн оролцоотой боловсруулах, батлахад арга зүйн туслалцаа үзүүлэх
Олон талын оролцоотой, өргөн цар хүрээ бүхий үйл ажиллагаатай энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх, түүнийг шинэчлэлийн Засгийн газрын бодлого, чиглэлтэй уялдуулахын тулд төслийн баг Зөвлөх хороо байгуулан нягт хамтран ажиллах юм. Нөгөөтэйгүүр, энэ механизм нь засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд оруулж буй төрийн бус байгууллагын хувь нэмрийн мөн чанар, утга учрыг сумдын албан тушаалтнуудад ойлгуулан, өөрийн ажил мэт хариуцлагатай хандахад чухал билээ. Зөвлөх хороонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалагч улсын ажлын алба, төрийн бус байгууллагын төлөөлөл байх юм.
Мөн сумдад ИТХ-ын дарга, засаг дарга, иргэний нийгмийн төлөөлөл бүхий төслийн нэгж байгуулагдана.
Зөвлөх хороо, сумд дахь төслийн нэгжийнхэнд зориулсан төсөв байхгүй. Төр, төрийн бус байгууллагын иргэд, нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллах эрмэлзэлд тулгуурлана.