Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2013.04.30

ХАМТАРСАН ИЛГЭЭЛТ

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн,
ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова нарын
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан

ХАМТАРСАН ИЛГЭЭЛТ

2013.05.03

            Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын 19-р зүйлээр хамгаалсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүмүүсийг хүчирхэгжүүлэх, чөлөөт ардчилсан нийгэм байгуулахад зайлшгүй чухал билээ. Суурь эрх болохынхоо хувьд  үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө мөн хүний бусад бүхий л эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих нөхцөлийг хангадаг. Гэсэн хэдий ч  энэ эрх чөлөө автоматаар  хэрэгждэггүй. Энэ нь  бүгдээрээ чөлөөтэй бөгөөд нээлттэй,  аливаа айдас,  хариу цохилтгүйгээр яриа хэлэлцүүлэг өрнүүлэх аюулгүй орчинг шаардана.
              Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 20 жилийн ой тохиож буй  энэ өдөр бидэнд цаг хугацааны  сорил бэрхшээл дунд  өөрсдийн хүсэл тэмүүллийг шинээр харах боломж олгож байна.
              Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд өдөр бүр шинэ түгшүүр тулгарч байна.  Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь олон нийттэй холбоотой асуудалд  ил тод,  хариуцлагатай байдлыг  хангахад тусалдаг учраас сэтгүүлчид байнга хүчирхийллийн бай болдог. Сүүлийн арван жилд 600 гаруй сэтгүүлч амь насаа алдсан байна. Тэдгээрээс олон сэтгүүлч дайн мөргөлдөөнгүй, зөрчилдөөнтэй бус нөхцөл байдалд  мэдээ сурвалжлага хийж байсан юм. Сэтгүүлчдийн амь насыг хөнөөсөн 10 хэргийн наймд буруутай этгээд шийтгэл хүлээхгүй байгаа бөгөөд  ийнхүү ял шийтгэлгүй үлдэх байдал хэвээр үргэлжилсээр байна.  Хэвлэл мэдээллийн  олон ажилтан  заналхийлэл, сүрдүүлэг, хүчирхийлэлд өртөж буй нь хэрээс хэтэрч байна. Олон сэтгүүлчийг, ихэнх тохиолдолд  хууль бусаар, дур зоргоороо  баривчлан саатуулж,  тарчлаан зовоож буй нь бас хэтэрч байна.
              Ийм аюултай, ийм шударга бус  байдал нүүрлэж байхад бид эрс шийдвэртэй  буйгаа харуулах ёстой.  Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн “Үг хэлэхээс үл эмээх нь: Хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх аюулгүй байдлыг хангах нь” сэдэв нь улс орон бүрт, сэтгүүлч бүрийн аюулгүй байдлыг хангах, хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгтнүүд ял шийтгэлгүй үлдэж буй  гутамшигтай, эргэлдсэн тойргийг таслахын тулд олон улсын  чармайлтыг нэгтгэх зорилготой билээ.  
               Эдгээр зорилго нь Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, хэвлэл мэдээллийн эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээж буй асуудлаарх НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөөг бататгаж байгаа юм. НҮБ-ын тогтолцоо нь олон улсын хэм хэмжээг баримтлах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө,  мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомж боловсруулах үйл ажиллагааг зохицуулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, улс орнуудад дэмжлэг үзүүлэхийн төлөө хүчтэй хүсэл зоригтой  байна.
                Эдгээр арга хэмжээ нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл,  мөн их хэмжээгээр мэдээ үйлдвэрлэж, ашиглаж байгаа цахим ертөнцөд хоёуланд нь хамаарна.  Блогч, иргэний сэтгүүлч, нийгмийн хэвлэл мэдээлэл эрхлэгчид, мөн  тэдний мэдээллийн эх сурвалжуудын аюулгүй байдалд заналхийлэх нь нэмэгдсээр байна.  Бие эрхтэнд нь аюул учрахын зэрэгцээ кибер халдлага хийх,  өгөгдлийг нь устгах,  айлган сүрдүүлэх,  мөрдөж мөшгих, хувийн нууцад нь халдах зэргээр тэдэнд сэтгэл санаа,  сэтгэл хөдлөлийн хүчирхийлэл учруулж байна.
               Ийм халдлага дайралт нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаад зогсохгүй цахим сэтгүүлчид, тэдний эх сурвалжуудад аюулгүй байдал заналхийлж байгаа юм.  Ингэснээр бүх хүмүүсийн чөлөөт, нээлттэй интернэтээс  ашиг тус хүртэх боломжийг бууруулж байна. 
                Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдөр бид Засгийн газрууд, нийгэм, хувь хүмүүсийг цахим болон цахим бус орчинд ажиллаж буй бүх сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд бололцоотой бүхнээ хийхийг уриалж байна. Хүн бүр дуу хоолойтой. Бүгдээрээ чөлөөтэй, аюулгүй байдалд ярих, хэлэх боломжтой байх ёстой.

Бан Ги Мүн             Ирина Бокова


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171378 
 Энэ сард:15759 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.