
“Глоб Интернэшнл Төв” төрийн бус байгууллага 2013 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд “Чингис” зочид буудлын хурлын танхимд АНУ-ын ЭСЯ, Канадын ЭСЯ, “Транспэрэнси Интернэшнл-Монгол”, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурал зохион байгуулна.
“Глоб Интернэшнл Төв” төрийн бус байгууллага 2013 оны нэгдүгээр сараас эхлэн Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн, “Ил тод байдал сан” ТББ-тай хамтран ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн хөтөлбөрийн (IPDC) Засгийн газар хоорондын зөвлөлөөс 2008 онд баталсан “Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт”-ийг ашиглан монголын хэвлэл мэдээллийн орчинд үнэлгээ хийж, дүгнэлт өгөх иж бүрэн судалгааны ажил хийж гүйцэтгэсэн юм. ЮНЕСКО-гийн дээрх баримт бичиг нь үндсэн 5 шалгуур үзүүлэлт, тэдгээрээс салбарласан 194 дэд шалгуур үзүүлэлтийн дагуу тухайн орны хэвлэл мэдээллийн хөгжлийг цогцоор нь үнэлэх өвөрмөц хэрэглүүр бөгөөд НҮБ-ын агентлаг, тэдгээрийн түншүүд, засгийн газар хоорондын байгууллага, хэвлэл мэдээллийн салбар, иргэний нийгмийн байгууллагын дунд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөн, олон оронд туршигдсан байна.
Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурал нь Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний тайланг хэлэлцэж, зөвлөмж боловсруулах зорилготой бөгөөд хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн сургууль, хуульч, Засгийн газрын агентлаг, иргэний нийгмийн төлөөллөөс гадна олон улсын шинжээч зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцоно.
Бага хурлын үеэр нэгдсэн хуралдаанаас гадна дараахь 5 салбар хуралдаан зохион байгуулна:
1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон ургальч үзэл, хэвлэл мэдээллийн олон талт байдлыг хангаж буй зохицуулалтын тогтолцоо
2. Өргөн нэвтрүүлэг, өмчлөл, төвлөрөлтэй холбоотой эрх зүйн орчны тогтолцоо
3. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн эвлэл холбоод
4. Сэтгүүл зүйн боловсрол, сургалт, иргэний нийгмийн оролцоо
5. Интернэт, олон нийтийн өргөн нэвтрүүлэг
Хэвлэл мэдээллийн үндэсний бага хуралд оролцогч олон улсын шинжээчид сайн туршлагаа хуваалцсанаар монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулна.
Бага хурлын үр дүнд гарсан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж, хараат бус, мэргэжлийн, хариуцлагатай, чөлөөт, олон ургальч хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахад нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулах болно.
Глоб Интернэшнл Төв
Утас: 324627, 324764, 99035470, 99193327
