Шуурхай мэдээ: Монгол Улс
Эх сурвалж: Глоб Интернэшнл Төв
Огноо: 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Харилцаа холбооны зохицуулах хороо Amjilt.com мэдээллийн вэб сайтыг үндэслэлгүйгээр хаасан үйлдлийг Глоб Интернэшнл Төв эрс эсэргүүцэж байна.
2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Amjilt.com вэб сайтын сэтгүүлч гэрэл зураг бүхий баримтан дээр тулгуурлан “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай нийтлэл бичжээ. Тус нийтлэл гарсны маргааш буюу 7 дугаар сарын 4-ний өдөр ХХЗХ-ны холбогдох албан тушаалтан тус сайтын удирдлага руу утасдаж “Хаан жимс” амралтын газрын гомдлын дагуу ярьж байна” гээд нийтлэлээ устгахыг шаардаж “Гүтгэлгийн мэдээ байна. Залруулга гарга. Тэгэхгүй бол танай сайтыг цагийн дараа хаана” хэмээн сүрдүүлжээ. Сайтын удирдлагын зүгээс ямар үндэслэлээр ийм шаардлага тавьж байгааг лавлахад тодорхой хариулт өгөөгүй байна. Энэ ярианаас хойш 3 цагийн дараа тус сайтыг ХХЗХ-ны хар жагсаалтад оруулан, хаажээ.
Дэлгэрэнгүйг http://globeinter.org.mn/?cmd=Record&id=1128&menuid=366