Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2014.08.28

ХХЗХ-ны шинэчилсэн “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” журмын төсөл нь цензур тогтоож буйг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна

2014 оны 8 дугаар сарын 28
Улаанбаатар хот

ХХЗХ-ны 2014 оны 8 дугаар сарын 12-ны шинэчилсэн “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” журмын төсөл нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг нухчин дарах, нэрээ нууцлах эрхэнд халдах, хувийн мэдээлэл дэлгэхийг шаардах, улмаар тухайн мэдээллээр нь дамжуулан мөрдөж мөшгих, айлган сүрдүүлэх дарамт учруулах, төрийн байгууллага, өндөр албан тушаалтанд үйлчлэхүйц агуулга, зорилго агуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон тус улсын нэгдэн орсон, соёрхон баталсан гэрээ, конвенцид үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Учир нь уг эрх, эрх чөлөө нь ардчилсан нийгмийн суурь зарчим, иргэний үндсэн эрхийн нэг юм. Тиймээс ардчилсан нийгэмд төрийн байгууллага, албан тушаалтан энэхүү эрхийг өөрсдийн үзэмжээр хязгаарлах ёсгүй.
   
Глоб Интернэшнл Төв дээрх журмын төслийг ардчиллын үнэт зүйлийн эсрэг үйлдэл бөгөөд Монгол Улсын үндсэн хууль, тус улсын нэгдэн орж, соёрхон баталсан гэрээ хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл хэмээн эсэргүүцэж байна.

НҮБ-ын Үзэл бодлын эрх чөлөөний тусгай илтгэгч, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөөлөгч болон Америкийн муж улсуудын байгууллагын үзэл бодлын эрх чөлөөний тусгай илтгэгч нар 2005 оны Хамтарсан тунхаглалдаа: “Интернэт үйлчилгээ эрхлэх, цахим хуудас, блог ажиллуулах, интернэтийн өргөн нэвтрүүлэг дамжуулахад аливаа төрийн байгууллагад бүртгүүлэх, тэднээс зөвшөөрөл авахыг шаардах ёсгүй...” хэмээжээ.

Монгол Улс “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулинд цензурын бүхий л хэлбэрийг хориглосон. Гэтэл дээрх журмын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрх мэдэл бүхий байгууллагуудын албан захидал, мэдэгдлийн дагуу тухайн веб сайтад урьдчилан мэдэгдэлгүй таслан зогсоох эрхтэй гэж заасан нь цензурын хэлбэр юм. Ингэснээр тус байгууллагын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хяналт тавих эрх мэдэл хязгааргүй нэмэгдэн, зохицуулагч бус цагдан хянагч байгууллага болж, хараат бус байдлаа жинхэнэ утгаараа алдаж болзошгүйг эрс буруушааж байна.

ХХЗХ-ны шинэчилсэн журмын дагуу цахим орчинд үйл ажиллагаа явуулж буй хүн бүр, хуулийн этгээдийн бүртгэлтэй байгууллага бүр (байгууллагын цахим хуудсаас бусад) уг журмыг дагаж мөрдөх, эс мөрдвөл, эсвэл мөрдөөгүй мэт харагдвал шууд хандалтыг нь хаахаар эрх хэмжээтэй болно. Энд блог эрхлэгч, коммент бичигч гээд хамрагдахгүй, хянагдахгүй хүн, байгууллага гэж үгүй болох нь хүний эрхийн ноцтой зөрчил юм.

Түүнчлэн, энэ журмын төсөл нь хуулиар тусгайлан олгогдсон хэм хэмжээнд нийцээгүй, хуульд заагаагүй үүргийг шинээр бий болгож, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх, хариуцлага хүлээлгэхгүй байх зэрэг Засгийн газрын 2010 оны 110 дугаар тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 1.7 дахь хэсэгтэй зөрчилдөж байна.

Иймээс Монгол Улсад иргэдийн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ханган, ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийн тулд ХХЗХ-ноос санал болгож буй шинэчилсэн журмын заалтуудыг өөрчлөхийг Глоб Интернэшнл Төв шаардаж байна.

Глоб Интернэшнл Төв
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо,
Дипломат 95 цогцолбор, 3-р орц, 32 тоот
Улаанбаатар хот
Утас: 324764, 324627; Факс: 324764
И-мэйл: hnaran@globeinter.org.mn
globenews@globeinter.org.mn
globemon@gmail.com
http://www.globeinter.org.mn


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174912 
 Энэ сард:13399 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.