Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2015.01.13

Д.Мөнхбүрэн: Албан тушаалтнууд шүүмжлэлээс хол, хяналтаас ангид байхын тулд иргэдийг дарамталж байна

“Өдрийн сонин”-ы 2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн № 007 /4959/

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ГҮТГЭХ, ДОРОМЖЛОХ ЗҮЙЛ АНГИ НЬ ӨНДӨР АЛБАН
ТУШААЛТНУУДЫН ЗЭВСЭГ БОЛЧИХОЖ

Иргэн Л.Даваапил twitter хуудсаараа дамжуулан Зам тээврийн сайд асан А.Гансүхээс "Самсунгтай нэг км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ, сайд аа. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6 тэрбумаас чинь хол давна" гэж бичсэнийхээ хариуд анхан шатны шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгуулийн ял сонссон. Үүнээс үүдэж цахим ертөнц дэх өөрийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байна уу, төрийн өндөр албан тушаалтанг хардах эрх иргэдэд үгүй болсон уу гэдэг асуудал үүсээд буй. Энэ талаар "Глоб интернэшнл" төрийн бус байгууллагын хуульч Д.Мөнхбүрэнтэй ярилцлаа.

- Зам тээврийн сайд асан А.Гансүхийг гүтгэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүх иргэн Л.Даваапилд 9.7 сая төгрөгөөр торгох ял оноолоо. Үзэл бодлоо илэрхийлэх, хардах цаашлаад хэвлэлийнэрх чөлөө байна уу?

- Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар хамгаалсан шүү дээ. Үндсэн хуулиас гадна манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрүүдээр хамгаалсан. Манай улс нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр нь дотоодын хуулийн адил хэрэгжих ёстойг Үндсэн хуульдаа заачихсан. Гэтэл манай улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Эрүүгийн хуулиар хязгаарлаад байна.

Ингэснээрээ хуулийг урвуулан ашиглаж, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилдог. Олон улсад ч ийм практик бий. Тиймээс "Эрүүгийн хууль дахь гүтгэлэг, доромжлол гэсэн заалтаа хасаач" гэдэг уриалгыг дэлхий нийтээрээ гаргаад байгаа. Цөөнгүй улс дээрх хоёр заалтыг Эрүүгийн хуулиасаа хассан. Манай улс ч гэсэн Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд энэ төрлийн гэмт хэргийг эрүүгийн хэрэг биш, иргэн хоорондын маргаан гэж тусгасан. Энэ хууль батлагдвал иргэний журмаар маргаанаа шийдвэрлээд үзэл бодлоо илэрхийлсэн хуулийн этгээд эрүүгийн гэмт хэрэгтэн болохгүй байх боломж бүрдэх юм.

- Twitter, facebook хуудас бол бусдын үзэл бодлоо илэрхийлэх хувийн орон зай гэж олон улсад үздэг. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн, өндөр албан тушаалтанг хардсан иргэдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж гүтгэсэн гэж яллаад байх юм.

- Twitter зэрэг олон нийтийн сүлжээг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мөн эсэх маргаан олон улс орнуудад өрнөж байгаа. Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээсэн бол..." гэдэг заалт байсныг 2008 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гэдэг үгийг нь хасчихсан. Харин хоёр ба түүнээс дээш хүнд түгээсэн бол гэдэг үндэслэлээр ялладаг болсон. Ингэхээр twitter эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгээс үл хамаараад хоёр ба түүнээс дээш хүмүүст хүргэсэн л бол олон нийтэд түгээсэн гэдэг гэмт хэргийн бүрэлдэхүүн үүсчихэж байгаа юм.

- Иргэд хардах, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж та ярьсан. Дугаар хорооны иргэн өндөр албан тушаалтанд "Таныг ийм үндэслэлээр хардаж байна. Та тайлбар өгөөч" гэж өөртэй нь уулзах боломж тэр бүр байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр дамжуулж тэр хүнд хандаж асууж, үзэл бодлоо илэрхийлэх л боломж бий. Тэгэхээр гүтгэсэн, доромжилсон болчих гээд байгааг юу гэх вэ?

- Үнэхээр иргэн төрийн өндөр албан тушаалтантай уулзаад эргэлзэж байгаа асуудлаараа мэдээлэл авч, эсвэл үзэл бодлоо илэрхийлэх боломж байхгүй. Өөрт байгаа боломжоо ашиглаж үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхээ эдэлснийх нь төлөө яллаж байгаа нь өөрөө утгагүй. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн байнга бусдын хараа хяналтад байж, тэдний үг үйлдэл бүр хяналтад байдаг. Шүүмжлэлд өртөмтгий байдлыг хүлээн зөвшөөрсөн учраас тэр албан тушаалыг хашиж байгаа гэж олон улсад үздэг. Өөрөөр хэлбэл, тэр хүн улс төрд орохын тулд, урлаг соёлын од байхыг өөрөө хүссэн. Тийм учраас байнгын шүүмжлэл бэлэн байж үйл ажиллагаагаа ил тод байлгах ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулах эрхтэйн хувьд зайлшгүй хараа, хяналтад байх ёстойгоо хүлээн зөвшөөрч байж өндөр албан тушаал хашдаг. Тэдний үйл ажиллагаанд хяналт тавьж, хардах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хүн бүрт бий. Гэтэл иргэн шүүмжилснийхээ төлөө гэмт хэрэгтэн болох юм уу ажлаас халагдах зэргээр янз бүрийн эрсдэл хүлээж байна. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Монголд эргэлзээтэй болчихлоо.

- Өндөр албан тушаалд байгаагийн хувьд хийж байгаа ажил, биеэ авч яваа байдал нь шилэн дотор байгаа мэт ил байх ёстой. Гэтэл манайд албан тушаалтнууд хяналт тавьсан хүнээ занадаг, шүүх цагдаад өгдөг. Ийм үйлдлээрээ улстөрчид төлөвшөөгүй байгаагаа харуулаад байна уу?

- Улстөрчид, өндөр албан тушаалтнуудын хувьд Эрүүгийн хуульд заасан гүтгэх, доромжлох гэмт хэргийн заалт зэвсэг болчихож. Хоёр иргэн хоорондын маргааныг энэ зүйл ангиар шийдсэн тохиолдол маш цөөн. Харин өнгөрсөн онд гэхэд төрийн өндөр албан тушаалтан гомдол гаргасны улмаас арваад хүнийг Эрүүгийн хуулийн гүтгэх гэдэг зүйл ангиар шийтгэсэн байна. Энэ тоо жил ирэх тутам өсч байгаа нь харамсалтай. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дэмжих бодлого барих ёстой УИХ-ын гишүүд, сайд дарга нар нь эргээд иргэдийнхээ эрхийг боох бодлого барьж байгаа нь харагдаад байна.

- Тэр тоо өсөхийн хэрээр эрх баригчид, өндөр албан тушаалтнууд өөрсдийгөө дархалж байна гэсэн үг биз?

- Шүүмжлэлээс хол, ангид байхын тулд хуулийн зүйл ангийг дарангуйлал маягаар ашиглаад байна шүү дээ. Өнөөдөр нэг хүний эсрэг гомдол гаргаад яллуулчихлаа. Дараа нь дахиад өөрийг нь шүүмжлэх, хардах хүн цөөднө. Цаашлаад нийт иргэдэд айдас бий болгоно. Хүмүүс өөрөө өөртөө цензур тогтоож эхэлнэ. Сэтгүүлч хэрэгтэн болохоос айгаад үзгээ барихдаа цензуртай болсон бол одоо иргэн үгээ хэлж болохоо больж байгаа нь харамсалтай. Энэ нь өөрөө ардчилалд маш халтай, аюултай. Манай улсын нэгдэн орсон "Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт"-ын 19 дүгээр заалтаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалж өгсөн. Энэ пактын хэрэгжилтийн тайланг манай Засгийн газар энэ онд явуулах ёстой. Гэтэл энэ пактын хэрэгжилт хангалтгүйгээр барахгүй, эсрэгээрээ байна гэж тайлагнах нөхцөл үүсч байна. Тэр хэрээр дэлхий дахинд манай улсын нэр хүнд унана.

- Иргэд олон нийтийн сүлжээгээр иргэд ихэвчлэн өндөр албан тушаалтнаас эрх мэдлээ ашиглаж мөнгө шамшигдуулсан эсэхийг лавлаж, хардаж байгаагаа илэрхийлдэг. Түүнд нь албан тушаалтнууд тайлбар хийх, тайлагнах үүрэгтэй баймаар. Гэтэл уурлаад шүүхэд өгчих юм.

- Тийм хандлага бий. Гүтгэсэн, доромжилсон гэдэг зүйл анги үүсгэдэг атлаа тэр хүний хардсан тохиолдол, агуулгыг шалгадаггүй. Олон жилийн өмнө сэтгүүлч "Гаалиас төрсөн тэрбумтнууд" цуврал нийтлэл бичсэнийхээ төлөө ял сонссон. Гэтэл дараа нь өөрийгөө цагаатгаад байсан албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн хардаж бичсэнийг шүүх тогтоосон. Гэтэл сэтгүүлч өөрийгөө цагаатгахаар ч хандаагүй ялтай хэвээр үлдэж байсан жишээ бий. Шүүх, хуулийн байгууллага гүтгэсэн гэх хэргийг шийдэхдээ хэл шинжлэлийн эрдэмтдээс л шинжээчдийн дүгнэлт авдаг. Шинжээчид нь үг бүр дээр нь ажиллаад "авлигачин" гэж бичээд гүтгэсэн, доромж утгатай үг хэрэглэсэн гэх зэргээр дүгнэлт гаргачихдаг. Гүтгэсэн, доромжилсон агуулгыг нь нарийн шалгаж тогтоодоггүй учраас эрх мэдэлтнүүд өөрсдөдөө ашигтай байдлаар дараагийн хяналтаас ангижрахын тулд Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг овжноор ашиглаад байна.

- Үндсэн хууль, олон улсын пактуудаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тунхаглаад өгчихсөн. Гэтэл улстөрчид, өндөр албан тушаалтнууд эсэргээрээ иргэдийг айлгах, өөрийнхөө эсрэг дуугаргахгүй байхын тулд хуулийг ашиглаад байна. Жил ирэх тусам энэ нь гаарч байна. Тэгэхээр иргэд эрхээ яаж хамгаалах ёстой юм бол?

- Иргэд өөрсдөө акц хиймээр байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хэлэлцүүлэг зохион байгуулж, эрх баригчдад хандах боломжтой. Мөн стратегийн өмгөөлөл хийх боломж бий. Манай шүүхийн практикт олон улсын гэрээ хэлэлцээрийг хэрэглэх нь маш цөөн. Тиймээс стратегийн өмгөөллөөр олон улсын гэрээ хэлэлцээрийг шүүхийн практикт хэрэглэх хүртэл нь ажиллавал үр дүн бий. Манайхан нэг асуудал дээр 7-10 хоног шуугиад мартчихдаг. Ц.Бат инженерийн хэргийг орхихгүй асуудал болгоод яваад байсан бол Л.Даваапилд холбогдох хэрэг өөрөөр эргэх байсан болов уу.

- Ц.Батын гэх хэрэг дээр давж заалдах шатанд сайд асан А.Гансүх гомдоо татаад авчихсан. Үүнийгээ уучилж байна гэж тайлбарласан. Үүнээс үүдэж олон нийт А.Гансүх гэж өгөөмөр хүн, харин Ц.Бат бусдыг доромжилсон буруутай этгээд дүгнэх шиг боллоо. Энэ нь улстөрчдийн бас нэг арга уу?

- Ганц А.Гансүх ч биш өндөр албан тушаалтанд хэн нэгэнд ял хүлээлгэх нь чухал биш байдаг. Хамгийн гол нь хэн нэгний эсрэг гомдол гаргасан хэрэг дээрээ дөрөөлж нэр хүндээ өсгөдөг. Бас олон нийтийн хараа хяналтаас ангижрах арга нь болчихсон. Цаашлаад сонгуулийн сурталчилгаагаа үүгээр хийдэг. "Би уг нь буруугүй юм. Тэр нөхөр намайг гүтгээд байхаар нь би хуулийн байгууллагаар өөрийнхөө буруугүйг нотлууллаа" гэх байдлаар "энхийн цагаан тагтаа" болж хувирдаг.

Ц.ӨРНӨХ

Эх сурвалж:  Өдрийн сонин




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1315 
 Нийт хандалт:145803 
 Энэ сард:12835 
 Өнөөдөр:83 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.