Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2015.02.03

“Ил тод байдлыг дэмжих түншлэл”-ээс УИХ-ын гишүүдэд хандан МЭДЭГДЭЛ гаргалаа

 МЭДЭГДЭЛ

2015 оны 2-р сарын 3

УИХ-д хоёр дахь удаагаа өргөн барьсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай ”болон нэмж өргөн барьсан “Эдийн засгийн өршөөлийн тухай” хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлах гэж байгаатай холбогдуулан “Ил тод байдлыг дэмжих түншлэл”-д нэгдсэн төрийн бус байгууллагууд хамтран ил тод, нээлттэй байдал, авлигын эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр Эрхэм гишүүн танд болон УИХ-ын нийт гишүүдэд хандан байр сууриа илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Нэг.
Өнөөдөр бизнес эрхлэгчид, МҮХАҮТ-ын удирдлагаас эхлээд төрийн албан тушаалтнууд, УИХ-ын нэлээд гишүүд энэхүү хоёр хуулийн төслийг дэмжиж онцгой ач холбогдолтойд тооцож байгаагаас дүгнэлт хийж үзэхэд ойрын өдрүүдэд буюу УИХ-ын намрын чуулган дуусахаас өмнө хэлэлцэж батлах өндөр магадлалтай байна. Иймд дээрх хуулиудын төслийн хэлэлцүүлгийг аль болох эрт эхэлж, оны төгсгөл, баярын өмнө маш богино хугацаанд, дахин дахин нягтлахгүйгээр яаран сандран гаргадаг шиг нөхцөл байдал үүсгэхгүй байхыг анхаарна уу.

Хоёр.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай ба Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн  үзэл баримтлал, танилцуулга нь хэт ерөнхий, тэдгээрт орсон 2007 оны Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хууль, 2008 оны Татварын өршөөлийн тухай хууль хэрэгжсэн үр дүнгийн тухай тоо баримтууд нь тодорхой хугацаагүй, эх сурвалжгүй, нотолгоогүй байна. Ялангуяа одоо өргөн барьсан хуулийн төслүүдтэй холбоотой судалгаа, лавлагаа, тооцоо, бусад мэдээлэл УИХ-ын болон Засгийн газар, Сангийн яам, Хууль зүйн яамны цахим сайтад огт байхгүй байгаа тул даруй нээлттэй болгож иргэд, олон нийт, судлаачдын зүгээс танилцах, хэлэлцэх, улмаар байр сууриа илэрхийлэх цаг хугацааны боломж олгоно уу.

Гурав.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн 6 дугаар зүйлд хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоод зогсохгүй тэдгээрт холбогдох мэдээлэл, тайлан болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, албан татвар ногдох зүйл, адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд  нотлох баримт болгон ашиглахыг хориглоно гэж заасныг дахин нягтлан авч үзэхийг уриалж байна.  
Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлүүдийг өршөөх нь УИХ-ын бүрэн эрх байж болох ч дээр дурдсан мэдээллийг нууцлах нь хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлж татвараа бүрэн төлж ирсэн нийт бизнес эрхлэгч, хуулийн этгээд, иргэдийн эрх ашгийн үүднээс авч үзвэл шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.
Тэр ч бүү хэл 2014 оны 6-р сард өргөн барьсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн эхний төсөлд дээр дурдсан мэдээллийг нууцлаад зогсохгүй устгахаар зааж, хэрвээ ил тод болгосон, ингэхийг оролдсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, 5-50 сая төгрөгөөр торгохоор заасан байсныг хоёрдахь удаа өргөн барихдаа хассан ч нууцлах заалт хэвээр үлджээ. Энэ удаагийн өршөөл нь татвар, гааль, нийгмийн даатгалын шимтгэл, өмч хөрөнгийг нийтэд хавтгайруулж хамаарсан, маш өргөн хүрээтэй байгаа тул  баримт мэдээллийг ямар нэгэн зааг ялгаагүйгээр  бүгдийг нууцлах нь буруу, тэр тусмаа тангараг өргөсөн УИХ-ын гишүүд тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнуудыг өршөөлд хамруулж тэдний урьд жилүүдэд нэгэнт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлгийг өөрчилж нууцлах нь Монгол улсад бий болсон авлигатай тэмцэх тогтолцооны нэг чухал зарчмыг үгүйсгэсэн, байж болшгүй зүйл гэж бид үзэж байна.

Дөрөв.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн  нууцлалын холбогдолтой заалтыг дахин авч үзэх, ингэхдээ бага хэмжээгээр өршөөсөн орлого, шимтгэл, хөрөнгийн хэмжээ ба эзнийг шууд ил тод болгохгүй байж болох ч (гэхдээ архивын журмаар олж үзэх боломжтой байх) төрлөөр нь хэдэн арав, хэдэн зуун сая, тэрбум төгрөгөөс дээш бол шууд зарлах зэрэг зааг ялгаа, босго, нууцлах болон ил тод болгох хугацааны тухай зарчмуудыг энэ хуулиар тодорхой зааж өгөх шаардлагатай гэж бид үзэж байна. Эдгээр асуудлыг Засгийн газрын журамд тусгаж шийдвэрлэх боломжгүй гэдгийг өмнөх өршөөлийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлсэн туршлага харуулж байна.

Бид цаашид “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” болон “Эдийн засгийн өршөөлийн тухай хууль”-ийн үйл явцыг анхааралтай ажиглах ба Та бүхэн бидний байр суурь, саналыг мэргэн ухаандаа тунгааж үзэхийг уриалж байна.

“Ил тод байдлыг дэмжих түншлэл” нь 2014 оны 5-р сард байгуулагдсан бөгөөд нийгэмд, ил тод, нээлттэй байдлыг дэмжих замаар төрийн байгууллага, албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлж авлигын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулах зорилготой ТББ юм.

“Ил тод байдлыг дэмжих түншлэл”-ийн гишүүн байгууллагууд:
1. Ардчиллын боловсрол төв
2. Глоб Интернэшнл  төв
3. Захиргааны шинэ санаачлага
4. Зориг сан
5. Ил тод байдал сан
6. Монголын эмэгтэйчүүдийн сан
7. Мэдээллийн орхон - 21-р зуун
8. Нийгмийндэвшил, эмэгтэйчүүдхөдөлгөөн
9. Сонгогчдынболовсролтөв
10. Хөвсгөл далай ээж нийгэмлэг
11. Эмэгтэй удирдагч сан



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1315 
 Нийт хандалт:145802 
 Энэ сард:12834 
 Өнөөдөр:82 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.