Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2015.04.07

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР 2015 “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх”

Глоб Интернэшнл Төв Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр (ДХЭЧӨ)-ийг тохиолдуулан 2015 оны 5 дугаар сарын 3-нд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

Энэ өдөр төрийн байгууллагуудын төлөөлөл, хуульч өмгөөлөгчид, хүний эрхийн ТББ-ууд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, манай улсад ажиллаж буй олон улсын байгууллагын төлөөлөл болон "Онлайн эрх чөлөө эвсэл"-ийн Сайд нарын V бага хуралд оролцогчдыг бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Монгол улсад бий болсон улс төр, эрх зүй, зохицуулалтын нөхцөл байдлаас иргэдийн үзэл бодолтой байх эрх, илэрхийлэх эрх чөлөөний асуудал түгшүүр дагуулах болж, ялангуяа Засгийн газраас цахим эрх чөлөөг хязгаарлах алхмууд хийгдэж эхэлсэн, Эрүүгийн хуулийн нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг нийтийн албан тушаалтнууд ашиглах нь нэмэгдэж байна.

ДХЭЧӨ бол үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг таниулах үр нөлөөтэй арга юм. Энэ жилийн ДХЭЧӨ нь Улаанбаатар хотноо 2015 оны 5 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Онлайн эрх чөлөө эвсэл"-ийн Сайд нарын V бага хуралтай холбогдуулан олон чухал асуудал, тэр дундаа чөлөөтэй, нээлттэй интернэтийг дэмжин баталгаажуулах асуудлыг дэвшүүлэхэд манай улсын хувьд онцгой боломж юм.

НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл 2015 оны тавдугаар сарын 4-15-нд болох Хүний эрхийн төлөв байдлын дүгнэлт хэлэлцүүлэг (UPR-Universal Periodic Review)-ээр Монгол улсын Үндэсний хоёр дахь илтгэлийг хэлэлцэх гэж буй нь онцлох асуудлын нэг болж байна. 

Хүний эрхийн ТББ-уудын Форум Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг /UPR/-т  10 сэдвээр мэдээлэл  бэлтгэн 2014 оны 9 дүгээр сарын 15-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлсэн бөгөөд Глоб Интернэшнл Төвийн бэлтгэсэн “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт илтгэлийг дор дурдсан холбоосоор үзэж болно:
http://upr-mongolia.mn/images/10FreedomsofopinionandexpressionUPRmong.pdf

Энэ завшааныг ашиглан бид 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхтэй уялдуулан онцлохыг зорьж байна.

Манай улс 1992 онд баталсан Үндсэн хуулийн 16.16 болон 16.17 дугаар заалтын дагуу иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг баталгаажуулсан юм. НҮБ-ын гишүүн орны хувьд Монгол улс Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг бүрэн хүлээн зөвшөөрч, 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (ИБУТЭТОУП)-ыг соёрхон баталсан.

Монгол улсын Засгийн газраас Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл боловсруулсан боловч өнөөг хүртэл өргөн баригдаагүй. Мөн сэтгүүлчийн нууц эх сурвалж болон шүгэлдэгчийг хуулиар хамгаалдаггүй.

2015 оны ДХЭЧӨ-ийг гурван дэд сэдвийн дагуу зохион байгуулна. Үүнд:

1) Онлайн эрх чөлөө болон нэрээ нууцлах эрх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа, холбооны зохицуулах хороо (ХХЗХ) мэдээ, мэдээллийн цахим хуудсыг албан ёсоор бүртгэж, хэрэглэгчийн үүсгэсэн сэтгэгдэлд кирилл, латин үсгээр бичигдсэн 100 гаруй хориотой үгийн жагсаалтын дагуу шүүлтүүр хэрэглэх, мөн хэрэглэгчийн IP хаягийг ил болгохыг интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгож байгаа нь энэ сэдвийн хүрээнд анхаарах асуудлын нэг юм.
2012 оноос хойш Монгол улсад зохиогчийн эрхийг зөрчсөн гэсэн шалтгаанаар 172 цахим хуудас хаагджээ. Тус хороо зөрчилтэй домайн нэрийн жагсаалт, хаагдсан огноо зэргийг www.black-list.mn цахим хуудсаар мэдээлдэг. Харамсалтай нь, хаагдсан цахим хуудсуудаас зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоогүй тохиолдлууд байна.

2) Нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасах нь

Монгол улсад нэр төр, алдар хүндийг Иргэний болон Эрүүгийн, мөн түүнчлэн сонгуулийн хуулиудаар хамгаалдаг. Эрүүгийн хуулийн 110 дугаар заалтын дагуу доромжлох, 111 дүгээр заалтын дагуу гүтгэх нь гэмт хэрэгт тооцогдоно. Эдгээр зүйл заалт нь нэгээс зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял ногдуулах эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж болно.

Сүүлийн жилүүдэд нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн хэрэг өсч байна. Глоб Интернэшнл Төвийн бүртгэснээр 2014 оны тавдугаар сараас 2015 оны гуравдугаар сар хүртэл 8 хэрэг байна. 2012-2013 онд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг нийт 12 байсан бол зөвхөн 2014 онд улсын хэмжээнд нэр төр гутаахтай холбоотой 9 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ. Гомдол гаргагчдын дийлэнх нь улс төрч, өндөр албан тушаалтнууд байна.

2014 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг хассан байсан боловч Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөний дараа энэ заалтыг буцаан оруулжээ. 

3) Цензур буюу цагдан хяналт

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар бүх төрлийн цензурыг хориглодог хэдий ч бодит байдал дээр өөр байна. Монгол улсад редакцийн цензурын асуудал ноцтой хэмжээнд хүрсэн, мөн сэтгүүлчид өөрийн цензурт автах нь түгээмэл.

Эдүгээ мөрдөгдөж буй хуулиуд, түүнчлэн төрийн болон бизнесийн байгууллагын зар сурталчилгаа, ил тод бус хэвлэл мэдээллийн өмчлөл, төвлөрөл зэрэг нь цензурыг өөгшүүлж байна. .
Глоб Интернэшнл Төв нь 1999 онд байгуулагдсан бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл авах эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, сайн засаглал, ил тод, хариуцлагатай байдлыг дэмжих, олон нийтийг чадавхжуулах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага юм. Тус байгууллага нь олон улсын IFEX, GFMD болон Азийн хүний эрх, хөгжлийн форумын гишүүн юм.

Холбоо барих:
Т.Аюушжав, Хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн зохицуулагч, globe@globeinter.org.mn,
Х.Наранжаргал, Глоб Интернэшнл Төвийн тэргүүн, hnaran@globeinter.org.mn
 
Хаяг:
Глоб Интернэшнл Төв
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо
Дипломат 95 цогцолбор, 3-р орц, 32 тоот
Улаанбаатар – 15141, Монгол улс
Утас: 976 11 32 4627,
Утас/факс: 976 11 32 4764
Цахим шуудан: globenews@globeinter.org.mn

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1313 
 Нийт хандалт:139629 
 Энэ сард:9390 
 Өнөөдөр:19 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.