Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2015.05.14

Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг хангах талаар хийгдсэн алхамуудыг ЕАБХАБ-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн Төлөөлөгч сайшаав

УЛААНБААТАР ХОТ, 2015 оны тавдугаар сарын 6 – Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн Төлөөлөгч Дуня Миятович тус байгууллагад Оролцогч улсаар шинээр нэгдэн орсон Монгол Улсад анхны албан ёсны айлчлал хийв. Тэрээр 5 хоногийн айлчлалаа өндөрлөхдөө хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн түвшинд хүрэхийн тулд тус улсад дорвитой алхамууд хийгдсэнийг тэмдэглэв. Үүний зэрэгцээ, чөлөөт хэвлэлийг хөхиүлэн дэмжих, энэ салбарт ахиц дэвшил гаргахын төлөөх хүчин чармайлтаа үргэлжүүлэх шаардлагатайг онцоллоо.

“Монгол Улс чөлөөт хэвлэлийн тухайд олон талаараа бүс нутагтаа тэргүүлж, энэ асуудлаарх эрх баригчдын хүсэл эрмэлзэл ч нааштай байна” гэж Миятович хэлэв.

Төлөөлөгч айлчлалын үеэр УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд, Гадаад хэргийн сайд Лүндэгийн Пүрэвсүрэн нартай уулзав. Тэрээр мөн УИХ-ын гишүүн Мигэддоржийн Батчимэг, Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны дарга Батсүхийн Балгансүрэн, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Цагаан-Өвгөний Жадамбаа нартай уулзаж ярилцлаа.

Үүнээс гадна, Миятович монголын сэтгүүлчид, төрийн бус байгууллагын төлөөлөгчид, Монголын Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга Чинбатын Номин болон бусад төлөөлөгчидтэй уулзаж, тус улс дахь чөлөөт хэвлэлийн өнөөгийн болоод хэтийн асуудлаар ярилцлаа.

Миятович эрх баригчидтай уулзахдаа хэвлэл мэдээллийн хараат бус зөвлөл үүсгэн байгуулагдсаныг сайшааж, өөрийн зохицуулалтын энэхүү байгууллагыг тасралтгүй дэмжихийн ач холбогдлыг онцлов. Тэрээр мөн ХХЗХ-г жинхэнэ утгаараа хараат бус зохицуулагч байгууллага болгохын чухлыг цохон тэмдэглэв.

Миятович “Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг хангах талаар ахиц дэвшил гаргасан хэдий ч шийдвэрлэвэл зохих хэд хэдэн асуудал байна” хэмээгээд “Олон нийтийн өргөн нэвтрүүлэг эрхлэгчийн санхүүгийн тогтвортой байдал, редакцийн хараат бус байдлыг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн өмчлөлийн ил тод байдлыг хангах шаардлагатай байна” гэв. 

Өмчлөлийн ил тод байдлыг хангах, редакцийн хараат бус байдлыг баталгаажуулах тухай заалт бүхий Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж буйг Төлөөлөгч тэмдэглэв.

Миятович эрх баригчидтай уулзахдаа өөрийн цензураас сэргийлэхийн тулд эрүүгийн хуулиас гүтгэлэг доромжлолтой холбоотой зүйл заалтыг хасахын чухлыг онцлов. Тэрээр, ЕАБХАБ-ын нийт Оролцогч улсын нийтийн албан тушаалтнууд шүүмжлэлд хүлээцтэй хандах нь зохистой хэмээгээд сэтгүүлчид, онлайн сэтгүүл зүй эрхлэгчдийг яллахаас түдгэлзэхийн ач холбогдлыг онцлов.

Миятович тоон системд шилжих явц дахь ололт амжилт болоод интернэтийг бүх нийтэд хүргэх талаарх оролдлогуудыг сайшаан тэмдэглэв. Ингэхийн сацуу, хар жагсаалтыг интернэтийн агуулгыг зохицуулах хэрэгсэл болгох ёсгүйг цохон тэмдэглээд, өөрийн байгууллагын зүгээс энэ асуудлаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Тэрээр Монголын бүх иргэдэд интернэтийг нээлттэй бөгөөд хүртээмжтэй байлгах талаар тууштай, тодорхой хүчин чармайлт хийгдэж байгааг тэмдэглэв.

Төлөөлөгч тавдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо ЮНЕСКО, Нээлттэй Нийгэм Форум, Глоб Интернэшнл Төв, Бээжин дэх Австрийн Элчин сайдын яамны хамтран зохион байгуулсан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлагад оролцов. Уг арга хэмжээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл цугларч, сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулав.

Түүнчлэн, Миятович Улаанбаатар хотноо тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Монголын Засгийн газраас зохион байгуулсан Онлайн эрх чөлөө эвслийн бага хуралд оролцлоо. Төлөөлөгч, улс орнуудад дэвшилтэт бодлого боловсруулах асуудалд чиглэсэн нэгдсэн хуралдаанд үг хэлэв. Тэрээр мөн олон талт оролцогчдын ил тод хамтын ажиллагааны хэрэгцээ шаардлагын асуудалд чиглэсэн салбар хуралдаанд оролцов.

ЕАБХАБ-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн Төлөөлөгч нь ЕАБХАБ-ын гишүүн 57 улс дахь Хэвлэл мэдээллийн хөгжлийн асуудалд ажиглалт хийдэг. Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн эхэн үед сануулга өгч, ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах үүрэг амлалтад бүрэн нийцүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Дэлгэрэнгүйг www.osce.org/fom, Twitter: @OSCE_RFoM болон facebook.com/osce.rfom.

Холбоо барих
Гуннар Вранг
ЕАБХАБ-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн Төлөөлөгчийн газар
Wallnerstrasse 6
1010 Вена
Австри Улс
Утас: +43 1 51436 6602
Гар утас: +43 664 1342828
Факс: +43 1 514 36 6802
gunnar.vrang@osce.org

Эх сурвалж: http://www.osce.org/fom/155216



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165598 
 Энэ сард:12510 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.