Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.01.11

Дэлхийн төр, засгийн тэргүүн нарт хандсан нээлттэй захидал

Харилцаа холбооны аюулгүй арга хэрэгсэл, технологийн хөгжлийг тууштай дэмжиж, тэдгээрийг ашиглаж байх, түүнчлэн найдвартай аюулгүй шифр ашиглахын эсрэг бодлого боловсруулахгүй, шийдвэр гаргахгүй байх замаар иргэд, эдийн засаг болон төр, засгийн аюулгүй байдлаа хамгаалахыг бид уриалж байна.

Шифрлэх хэрэгсэл, технологи болон үйлчилгээ нь аливаа аюул заналаас хамгаалах, цахим дэд бүтэц, хувийн харилцаа холбоог зөвшөөрөгдөөгүй хандалтаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Шифрлэхийг чөлөөтэй хөгжүүлэх, ашиглах боломж бол өнөөгийн дэлхийн эдийн засгийн тулгуур билээ. Итгэлцэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бий болгох, бизнесийн үйл ажиллагааг улс дотроо болон хилийн чанадад аюулгүй найдвартай орчинд явуулах боломж бүрдүүлэх нь цахим эрин дэх эдийн засгийн өсөлтийг хангадаг.

Шифрлэх асуудлаар мэргэшсэн олны танил хэсэг шинжээч, техникчдийн тайлбарлаж буйгаар, шифрийг сааруулсан аливаа хууль тогтоомж, бодлого нь “интернэтийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн өнөөгийн сайн туршлагаас ухрахад хүргэх”, “системийн нарийн төвөгтэй байдлыг бодитоор нэмэгдүүлэх”, холбогдох өртөг зардлыг өсгөх, “хорон санаа агуулсан этгээдүүдийн анхаарал татах байг бий болгох” зэрэг сөрөг үр дагавартай. Шифрийг ашиглахгүй байх явдал нь гэмт хэрэгтнүүд, өш санасан этгээдүүд санхүүгийн болоод хувь хүний өгөгдөл зэрэг хувийн эмзэг мэдээлэлд нэвтрэхэд дөхөм болдог. Нэгэнт олж авсан эмзэг мэдээллийг худалдах, олон нийтэд ил болгох, хувь хүнийг айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэхэд ашиглах боломжтой. Түүнчлэн, хангалтгүй шифрлэсэн төхөөрөмж, техник хангамж нь гэмт этгээдүүдийн үндсэн бай болдог. 
 
НҮБ-ын Үзэл бодлын эрх чөлөөний асуудлаарх Тусгай илтгэгчийн тэмдэглэснээр, “шифрлэх, нэрээ нууцлах, тэдгээрт холбогдох аюулгүй байдлын үзэл баримтлал нь цахим эрин дэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдлэхэд зайлшгүй шаардлагатай хувийн нууц, аюулгүй байдлыг баталгаажуулдаг.” Олон тэрбум хэрэглэгчийг хооронд нь холбоход чиглэгдэж буй өнөө үед шифрлэх үйлдлийг аливаа улсад хязгаарлах нь нийтийг хамарсан үр дагавар үзүүлэх магадлалтай. Шифрлэх, нэрээ нууцлах бусад арга хэрэгсэл, технологийн ачаар хуульч, сэтгүүлч, шүгэлдэгч, идэвхтэн зохион байгуулагчид хил хооронд чөлөөтэй харилцаж, нийгмээ сайжруулах үйлсэд хүчин зүтгэдэг. Мөн түүнчлэн хэрэглэгчдэд өгөгдлийн бүрэн бүтэн байдлаа баталгаажуулах боломж олгодог.  

Бид, харилцаа холбоо болоод сүлжээний бүрэн бүтэн байдлыг бэхжүүлэх замаар хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалахыг урамшуулан дэмжиж байна. Нийт засгийн газрууд шифрлэх болон харилцаа холбооны арга хэрэгсэл, технологийг хязгаарласан аливаа хууль тогтоомж, бодлого боловсруулах, тогтоол шийдвэр гаргах, хандлага бий болгох, ялангуяа уг асуудлаар компаниудтай нууц гэрээ байгуулахаас татгалзвал зохино. Хэрэглэгчид хамгийн найдвартай аюулгүй шифр сонгохдоо, харин компаниуд тэдэнд ийм төрлийн үйлчилгээ үзүүлэхдээ төр, засгийн зүгээс зохих ёсны ажиллагаагүй, хүний эрхийг үл хүндэтгэн, контент, мета өгөгдөл, шифрийн түлхүүр зэргийг шаардаж авна гэх айдасгүйгээр ашиглах ёстой. 

Тиймээс:

•    Төр, засгийн зүгээс хэрэглэгчийн аливаа төрлийн шифрт хандах хандалтыг хаах, хязгаарлах, мөн шифрийг ангилал, төрөл хэлбэрийн дагуу боловсруулан гүйцэтгэх, ашиглахыг хориглох ёсгүй;

•    Төр, засгийн зүгээс тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээнд зөвшөөрөлгүй халдах техникийн шийдэл бүтээх, түүнийг гүйцэтгэх, мөн түүнчлэн эмзэг сул байдал үүсгэхүйц шийдвэр гаргах ёсгүй; 

•    Төр, засгийн зүгээс гуравдагч этгээдийн хандалтаас шифрлээгүй өгөгдөлд халдах, шифрийн түлхүүр тайлах тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээг бий болгох, дэлгэрүүлэхийг шаардах ёсгүй;

•    Төр, засгийн зүгээс шифрлэх хэм хэмжээг сааруулах, мэдээллийн аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангахаас бусад тохиолдолд  шифрлэх хэм хэмжээг тогтооход зориудаар нөлөөлөхийг оролдохоос зайлсхийвэл зохино. Аль ч засгийн газар шифрийн эрсдэлтэй алгоритм, хэм хэмжээ бий болгох, тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлэх ёсгүй.

•    Төр, засгийн зүгээс аливаа аж ахуйн нэгжийг ямарваа нэгэн гэрээний дагуу дээр дурдсан зарчмуудад харшлах үйл ажиллагаа явуулахыг шаардах, үүнд татан оролцуулах ёсгүй.

Найдвартай аюулгүй шифр, түүнд тулгуурласан аюулгүйн тоног төхөөрөмж, систем нь кибер аюулгүй байдлыг сайжруулах, цахим эдийн засгийг дэмжих, хэрэглэгчдийг хамгаалахад амин чухал үүрэгтэй. Интернэтийг дэлхий нийтийн хөгжлийн хөшүүрэг болгох, мөн түүнийг идэвхтэн, зохион байгуулагчдын арга хэрэгсэл болохын хувьд итгэж болохуйц, найдвартай сүлжээгээр харилцах эрх, боломжийг бид тасралтгүй шаардаж байна.

Бид хамтдаа илүү аюулгүй ирээдүйн төлөө хамтран ажиллана хэмээн найдаж байна.

(Орчуулсан Глоб Интернэшнл Төв)

Эх сурвалж
:  https://www.securetheinternet.org/


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160143 
 Энэ сард:15174 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.