Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.05.03

Хэвлэлийн мэдээ

Хэвлэлийн мэдээ
2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр


“Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө.
Энэ бол Таны эрх!”


Глоб Интернэшнл Төв нь Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг Нээлттэй Нийгэм Форум, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Дугуй ширээний ярилцлагыг нээж ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Төлөөлөгч Мариелза Оливейра, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Беате Транкманн нар үг хэлэв.

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан илгээлтдээ Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн салшгүй нэг хэсэг мэдээлэлтэй байх эрх нь хүний язгуур эрх чөлөө юм. Онлайн ба офлайн орчинд мэдээлэл хүлээн авах ба түгээх нь эрх зүйн зарчим, сайн засаглал, ардчиллын тулгын чулуу юм.

Энх тайвныг сахин хэрэгжүүлэх, хөгжил цэцэглэлтийг баталгаажуулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах ба ядуурлыг таслан зогсоох хүчин чармайлтыг ирж буй арван таван жилийн турш удирдан чиглүүлэх “Тогтвортой хөгжлийн төлөө хөтөлбөр 2030”-ийг дэлхийн улс орнууд өнгөрсөн жил зөвшилцөн баталсан юм. Тогтвортой Хөгжлийн зорилго нь шинэ хөтөлбөрийн гол хурдасгуур болох харилцан хамааралтай хоёр зорилт - иргэдийн язгуур эрх чөлөөг дээдлэн хамгаалах ба мэдээлэлтэй байх эрхийг зорилтот чиглэлээ болгосон юм.  

Сэтгэл түгшээсэн хэрэг явдал, шинэ өөрчлөлт дэлхий даяар өрнөж, хамтран ажиллаж, хамтдаа арга хэмжээ авахыг шаардсан сорилт тулгарч буй энэ цаг үед чанартай мэдээллийн хэрэгцээ урьд урьдаас илүү чухал болоод байгаа нь иргэдийн мэдэх эрхийг хангасан боловсронгуй тогтолцоо ба хэвлэлийн эрх чөлөөний найдвартай орчинг шаардаж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.  
 
2016 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь түүхэн гурван үйл явдалтай давхцаж байна:
•    Одоогоос 250 жилийн өмнө дэлхийд мэдээллийн эрх чөлөөний анхны хууль батлагдаж, өнөөгийн Швед, Финлянд улсын газар нутаг дээр дэлгэрч байв.
•    Хэвлэлийн эрх чөлөөний зарчмын талаарх Виндхукийн Тунхаглал батлагдсаны 25 жилийн ой тохиож байна.
•    Тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг ирэх 15 жилд хэрэгжүүлэх шинэ мөчлөг 2016 оноос эхэлж байна.

Дугуй ширээний ярилцлагад Хонконгийн их сургуулийн Сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл судлалын төвийн захирал Профессор Чан, Японы “Kyodo News” мэдээллийн агентлагийн сурвалжлагч Шин Хара, БНСУ-ын Хэвлэл мэдээллийн ажилтнуудын Үндэсний холбооны ажилтан Люк Кюн Ким ЮНЕСКО-гийн 2016 онд дэвшүүлсэн дараах сэдвийн дагуу өөр өөрийн орны нөхцөл байдлын талаар танилцуулав. Үүнд:
•    Мэдээллийн эрх чөлөө болон тогтвортой хөгжил;
•    Хэвлэлийн эрх чөлөөг цагдан хяналт болон хэт мөрдөн тагнах үйл ажиллагаанаас хамгаалах нь;
•    Онлайн болон офлайн орчин дахь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах нь.

Глоб Интернэшнл төв 2015 оны нэгдүгээр сараас 2016 оны нэгдүгээр сарыг дуусталх нэг жилийн хугацаанд Монгол улсын хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн орчинд гарсан өөрчлөлтүүд, хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн талаарх тайланг танилцуулав.

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2016 оны 9 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр болсон. Энэхүү Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар доромжлох зүйлийг хүчингүй болгож, гүтгэх үйлдлийг бүрмөсөн халаагүй ч, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэхээр болж байгаа нь нэг алхам боллоо.

2015 онд Глоб Интернэшнл төвд 42 сэтгүүлч, ХМХ-тэй холбоотой мэргэжлийн эрхийн 78 зөрчил бүртгэгдсэнээр 28,6% сонин, 34,3% телевиз, 25,7% цахим хуудас, үлдсэн 11,4% нь хувь сэтгүүлчийн эсрэг байв. Үүнд:
Бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан – 5 
Сүрдүүлсэн, дарамталсан, заналхийлсэн, доромжилсон, гэр бүлийн хүнийг дарамталсан – 12
Мэдээлэл өгөхөөс татгалзсан/мэдээлэл олж авах, түгээхэд саад хийсэн – 6
Ажлын багаж хэрэгсэлд халдсан - 4
Шүүх, хүчний байгууллагын дарамт/шүүхэд нэхэмжлэл гаргасан - 17
 Нууц эх сурвалжаа илчлэхийг шаардсан - 10
Төрөл бүрийн цензур – 11
Эрүүгийн хэрэг үүсгэсэн, түр саатуулсан, хоригдсон – 12
 Нас барсан сэтгүүлч – 1
 
Монгол Улсын хэмжээнд 2015 онд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулсан гэж Иргэний 37 хэрэг хянан шийдвэрлэгдсэнээс 10 нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой байна. Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох зүйлээр шийдвэрлэгдсэн 14 хэргээс 5 нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой байна.

2015 онд эдийн бус гэм хорын хохиролд нэхэмжилсэн мөнгөн дүнгийн дээд хэмжээ 200 сая төгрөг, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дүнгийн дээд хэмжээ 5 сая төгрөг байна. Энэ нь 2014 онтой харьцуулахад (45 сая) 9 дахин буурсан үзүүлэлт юм. Иргэний хэргийн дийлэнх хувь нь нэхэмжлэгч болон хариуцагч хоорондоо эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Глоб Интернэшнл Төв нь 2015 оны хэвлэлийн эрх чөлөөний “Үнэний төлөө” шагналыг “Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч, эрэн сурвалжлах сэтгүүлч Л.Болормаа агсанд нэхэн олгов. Глоб Интернэшнл төв 2009 оноос эхлэн олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэрээ оруулсан сэтгүүлчдэд “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг жил бүр олгож эхэлсэн юм.


Глоб Интернэшнл төв    


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156027 
 Энэ сард:12545 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.