Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.05.18

“Мэдээллийн эрин ба мэдээллийн бичиг үсгийн боловсрол” Зөвлөлдөх уулзалтын үзэл баримтлал

ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Үндэсний хорооноос Глоб интернэшнл төв, Нээлттэй Нийгэм Форум, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран 2016 оны 5-р сарын 23-ны өдрийн 14.00 цагаас “Мэдээллийн эрин ба мэдээллийн бичиг үсгийн боловсрол” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.  

Мэдээлэл харилцааны шинэ технологи хүний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болж байгаа өнөө үед онлайн орчинтой хамаатай бүх хүрээнд иргэдийн, ялангуяа хүүхэд, өсвөр үе, залуучуудын мэдээлэлтэй харилцах суурь боловсрол нэн тэргүүний чухал асуудал болжээ. 

Media and Information Literacy хэмээх нэр томъёог өнөөдөр “хэвлэл мэдээлэл, мэдээллийн бичиг үсгийн боловсрол”, “хэвлэл мэдээлэл, мэдээлэлтэй харилцах суурь боловсрол”, “мэдээллийн бичиг үсэгт тайлагдах” гэх мэтээр орчуулж байгаа юм.

Нийтийн талбарт үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хүлээн авах, дамжуулах, бусадтай хуваалцах арга боломж эрс нэмэгдэж буй орчин үед иргэд, тэр дундаа залуучууд, өсвөр үеийнхэн мэдээллийн асар хүчтэй урсгал дунд амьдарч байна. Тэд нийгмийн амьдралд оролцох, сонголт хийх, хувийн болон ажил, мэргэжлийн шийдвэр гаргахын тулд хэрэгцээт мэдээллээ олж авах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, дүгнэх, мөн санал бодлоо илэрхийлэх, өөрийн мэдсэн зүйлсийг бусдад дамжуулах зэрэг мэдээлэлтэй харьцах цогц мэдлэг, чадварт суралцах нь урьд урьдынхаас илүү чухал болоод байна.

Ялангуяа дунд сургуулийн хүүхдүүд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон хувийн мэдээллийн талбарын ялгаа заагийг мэддэггүй, интернэтээс ирж буй мэдээллийг “хамгийн үнэн зөв” хэмээн итгэдэг, интернэт, нийгмийн мэдээллийн сүлжээг харилцааны болон мэдээллийн хамгийн чухал сувагт тооцож байгааг  Хэвлэлийн Хүрээлэнгээс хийсэн сүүлийн үеийн судалгааны тоо баримт нотолж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн Иргэний боловсрол хичээлийн хөтөлбөрт мэдээллийг ашиглах, боловсруулах, бусдад түгээх суурь мэдлэг олгох цөөн цагийн хичээл багтдаг боловч сургалтын материал хомс, энэ хичээлийг заах багш нарын ойлголт, мэдлэг дутмаг байна.

Иймд өсвөр үе, залуучуудын мэдээлэл авах, мэдээллийг үнэлэх, бэлтгэх, бусадтай хуваалцах, дамжуулах, мэдлэг олгох, онлайн орчинд үзэл бодлоо илэрхийлэх соёлыг хөгжүүлэх зорилго бүхий төрийн бодлого, түүнийг дагалдсан цогц арга хэмжээ шаардлагатай байгаа юм.  

Зөвлөлдөх уулзалт нь онлайн болон офлайн орчинд үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, мэдлэг олж авах, бусадтай хуваалцах, солилцохдоо бусдын эрх, хувийн нууцыг хүндэтгэх нийгмийн зан суртахуун, соёлын тухай хэлэлцэн зөвлөлдөх зорилготой.

Уулзалтын зорилт нь:
1. Нэр томъёо, ухагдахууны тухай нийтээрээ нэгдсэн ойлголттой болж, нийгэмд хэвшүүлэх
2. Боловсролын бүх шатны байгууллагын хөтөлбөрт тусгах зохистой боломжийг эрэлхийлэх
3. Хэвлэл мэдээллийн агуулгад шүүмжлэлт сэтгэлгээтэй хандах, уламжлалт ба шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах талаар иргэдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд шаардлагатай төрийн, иргэний нийгмийн нөөц,  чадавх бий болгох, дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэх

Зөвлөлдөх уулзалтын илтгэл, танилцуулга
•  ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээлэл, мэдээллийн бичиг үсгийн боловсролын хөтөлбөр
•  Хэвлэл мэдээлэл, мэдээллийн бичиг үсгийн боловсролын талаарх монголын санаачилга, өнөөгийн байдал
•  Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөр дэх Хэвлэл мэдээлэл, мэдээллийн бичиг үсгийн боловсролын агуулга
•  Гэр бүлийн ФБ ашиглах дадал хэвшил
•  Цахим орчин дахь хүүхэд хамгаалал

Зөвлөлдөх уулзалтын үр дүнд:

1. Төрийн бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулагдана
2. Нэгдсэн нэр томъёо, ухагдахуунтай болох ажлын эхлэл тавигдана
3. Төрийн зохих байгууллагын ажилтнууд нэгдсэн ойлголт, мэдлэгтэй болно
4. Хэвлэл мэдээлэлтэй харилцах, бичиг үсгийн боловсролын тухай олон нийт мэдээлэлтэй, суурь ойлголттой болно


Суурь мэдээлэл
Европын Парламент 2008 онд “Цахим ертөнц дэх хэвлэл мэдээллийн бичиг үсгийн боловсрол” зөвлөмж гаргажээ. Орчин үеийн мэдээллийн нийгэмд иргэд өдөр бүр дуу, дүрс, бичвэрийг олж авах, зохион байгуулах, задлан шинжилгээ хийх, үнэлэх, үүсгэн зохиох шаардлагатай болсон. Иймээс тэд тодорхой мэдлэг, ур чадвартай байх хэрэгцээг хангах нь чухал юм.  

ЮНЕСКО энэ талаарх үзэл бармитлалаа боловсруулсан билээ. Үүний дагуу  “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн бичиг үсгийн боловсрол гэж “Мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн хувьд тайлбар өгөх, мэдээлэлтэй шийдвэр гаргах, түүнчлэн эрхийнхээ дагуу мэдээлэл, хэвлэл мэдээллийн илгээлт бүтээх, үйлдвэрлэх чадвар юм” хэмээн тодорхойлсон байна. Энэ нь хувийн, нийгмийн, мэргэжлийн, боловсролынхоо зорилгод хүрэхийн тулд мэдээллийг үр дүнтэйгээр хайх, үнэлэх, хэрэглэх, бүтээх чадвартай болгож, иргэдийг чадавхжуулдаг, эрх мэдэлжүүлдэг. Мөн иргэдийн оролцоог хангахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг.  

Иймээс иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлтэй байх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамруулан ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл хэрхэн ажилладаг тухай мэдлэг ойлголттой байх ёстой.  




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160143 
 Энэ сард:15174 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.