Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2017.04.25

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 2017

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 2017 

Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: тайван, шударга,
 бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг


Улс орны засгийн газрууд сэтгүүлчдийг “хуурамч мэдээлэл” тарааж буй хэмээн буруутгах болсон энэ үед Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь  чухал ач холбогдолтой. Жинхэнэ шүүмжлэлт, баримтад тулгуурласан сэтгүүл зүйн асуудал хурцаар тавигдаж байна. 

Монгол Улсад байдал төдийлэн таатай биш, учир нь сэтгүүлчдийн эсрэг хэрэг өссөөр байна. Төр, засгийн ил тод байдал хангалтгүй, шүүмжлэлд эмзэг хандаж буй нь сэтгүүлчдийг “хоточ нохой”-н үүргээ гүйцэтгэхэд саад тотгор болж байна.

Глоб Интернэшнл Төв сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчилд 10 гаруй жил мониторинг хийж эхэлснээс хойш 2017 оны нэгдүгээр сарын байдлаар нийт 519 тохиолдол бүртгэсэн нь долоо хоног бүр нэг зөрчил гарч байгааг харуулж байна. 

Эдгээр зөрчлийн 52.5% нь цахим хуудас, 26.2% телевиз, радио, 14.8% нь сонин сэтгүүлч, 6.5% нь хувь хүн, чөлөөт сэтгүүлчтэй холбоотой. Ихэнх зөрчил  буюу 75-аас дээш хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн бол 23% нь орон нутагт гарчээ. Сэтгүүлчдийн эрхийг зөрчигчдийн талаас илүү хувь нь улс төрч, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч байв.

2016 онд гарсан зөрчил өнгөрсөн оныхтой харьцуулахад бага зэрэг буурсан нь байдал сайжирч буйг илтгэх бус харин ч сэтгүүлчид өөрийн цензурт автсаны шинж юм.  Тиймээс бид бүх зөрчлийг бүртгэх боломжгүй юм. Цаашдын дарамт шахалтаас эмээх сэтгүүлчид эрсдэлтэй тулгарсаар байна.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь нэг талаас засгийн газруудад үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөг сахин хамгаалах үүрэг хариуцлагыг сануулах, нөгөө талаар иргэд эрхээ эдлэхдээ мэдээ, мэдээллийн үнэн бодит байдлыг шаардан тэмцэх өдөр юм.

Хариуцлагатай сэтгүүл зүй гагцхүү эрх зүйн таатай орчин бүрдсэн цагт хөгжих бөгөөд хэвлэл мэдээлэл нь тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэх үүргээ хараат бусаар биелүүлэх боломжтой болно.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь хэвлэлийн эрх чөлөөний суурь зарчмыг сануулах, мэргэжлийн үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр юм.

2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр чөлөөт,
чанартай сэтгүүл зүйг бэхжүүлэхийн амин чухал ач холбогдолд
дэлхий нийтийн анхаарлыг хандуулахад чиглэж байна.


Гагцхүү чөлөөт, чанартай сэтгүүл зүй нь Тогтвортой хөгжлийн зорилт, түүний 16 дугаар заалтыг хэрэгжүүлэх, тэр дундаа  үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шударга ёсыг бүх нийтэд хүртээх, олон нийтийн мэдэх эрхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн эрх зүйт ёсны харилцан уялдааг бэхжүүлэхэд үр дүнтэй хувь нэмэр оруулна.

Глоб Интернэшнл Төв нь ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Тогтвортой хөгжлийн зорилтын талаарх  хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэн, хүүхэд, залуучуудыг чадавхжуулж, хэвлэл мэдээллийн үүрэг хариуцлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Бид сэтгүүл зүй, хууль зүйн сургуулийн оюутнуудын дунд үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө, цахим эрх, эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдал, онлайн дахь ёс зүй, мэдэх эрх, эх сурвалж, мэдээлэгчийг хамгаалах сэдвээр эссе бичлэгийн уралдаан зохион байгуулна.

Мөн 4 дүгээр сарын 28-ны өдөр Монголын Сайтын холбоотой хамтран хэвлэл мэдээллийн үүрэг хариуцлага, сэтгүүлчийн ёс зүй, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг сэдвээр мэдээ, мэдээллийн сайтын сэтгүүлчдэд сургалт явуулна.

ДХЭӨ-т зориулсан нийгмийн сүлжээний аян нь хувь хүний нууц, цахим эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээлэл, мэдээллийн бичиг үсгийн боловсролын асуудалд анхаарал хандуулна.

Хэвлэлийн эрх чөлөөг дэмжих, ЮНЕСКО, UPR (НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг)-ийн зөвлөмжийн хэрэгжилтэд нөлөөлөх Хэвлэл мэдээллийн эвсэл байгуулах нь ДХЭЧӨ-т зориулсан аяны зорилго болно. Мөн түүнчлэн хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдол, үнэн бодит мэдээлэл авах эрхийн талаар телевизийн хэлэлцүүлэг зохион байгуулна.

Глоб Интернэшнл Төв нь Нээлттэй Нийгэм Форумтай хамтран, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр олон талт уулзалт-хэлэлцүүлэг зохион байгуулна. Уулзалт-хэлэлцүүлгийн үеэр 2016 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардуулж, Хэвлэлийн эрх чөлөөний тайланг танилцуулан, эссе бичлэгийн уралдаанд байр ззэлсэн оюутнуудад өргөмжлөл гардуулна.

Мөн түүнчлэн, нэр бүхий хууль сахиулах байгууллагуудтай Харилцан ойлголцлын санамж бичиг солилцох нь Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалахад чухал үйл явц болно.

Глоб Интернэшнл Төв нь 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр тууштай үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага юм.

Бид 2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн үйл ажиллагааг ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.globeinter.org.mn цахим хуудаснаас авна уу.
Холбоо барих: Хашхүүгийн Наранжаргал, ГИТ-ийн тэргүүн, 99288924, hnaran@globeinter.org.mn
Төмөрбаатарын Аюушжав, Хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн зохицуулагч, 99035470, globemon@gmail.com


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165420 
 Энэ сард:12332 
 Өнөөдөр:67 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.