Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2017.09.06

ҮЙЛДЭЛ ХИЙХГҮЙ БОЛ ҮГ ӨЧҮҮХЭН

Хэвлэлийн мэдээ
2017 оны 9‐р сарын 6
Улаанбаатар хот

Өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд үргэлжилсэн Хүний эрх хамгаалагчдын үндэсний III зөвлөгөөнөөр Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагууд болон хүний эрх хамгаалагчдын 60 гаруй төлөөлөгч нэгэн дор цуглаж, тулгамдаж буй асуудлууд, ирээдүйд хийх ажлуудаа төлөвлөн ярилцлаа. НҮБ‐д зөвлөх эрхтэй, Азийн 19 оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Азийн Форум (ФОРУМ‐АЗИ) байгууллага болон түүний гишүүн байгууллагууд болох Хүний эрх хөгжил төв, Глоб Интернэшнл төв  хамтран зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр Монгол ардын нам, Ардчилсан нам болон парламентад суудалгүй бусад намын төлөөллийг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Мөн энэ үеэр Камбожийн парламентын гишүүн, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Сончай эх орондоо болж буй хүний эрхийн зөрчлүүдийн талаарх гашуун туршлагаасаа хуваалцсан нь онцлох үйл явдлын нэг байлаа. 

ФОРУМ‐АЗИ байгууллагын хувьд энэхүү арга хэмжээнд оролцогч бүх талуудын зүгээс хүний эрхийг хамгаалах, түүнийг хөхиүлэн дэмжихэд чухал ач холбогдол өгчбайсанд ихээхэн сэтгэгдэл өндөр байна. НҮБ‐аас гаргадаг Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын хүлээн авсан зөвлөмжүүд, шинэ хуулиуд болон өргөн баригдсан хуулийн төслүүдийг харахад эерэг өөрчлөлт авчирна гэсэн итгэл төрөхүйц байгааг дурдах нь зүйтэй. Үйлдэл хийхгүй бол үг өчүүхэн гэдгийн адилаар эдгээр баримт бичгүүд нь бодит үйл хэрэг болохгүй аваас Монгол дахь хүний эрх хамгаалагчид урьдын адил бүх түвшинд дарамт шахалт, хүчирхийлэлд өртсөөр байх болно.

Энэ сарын 2‐3‐нд болсон зөвлөлдөх уулзалтын үеэр оролцогч талуудын зүгээс дараах зургаан төрлийн эрхийг онцгойлон анхаарах шаардлагатай байгааг санал нэгтэйгээр хэлж байлаа. Үүнд, уул уурхай болон томоохон бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотойгоор бизнес болон хүний эрхийг хамгаалах үндэсний хэмжээний хөтөлбөртэй болох, зохистой аюулгүй хүнсээр хангагдах эрхэд яаралтай анхаарал хандуулах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах болон эмэгтэйчүүдийн эрхийн талаарх ойлголтыг түгээх, эрүүл мэндийн үйлчилгээ, улс төрийн үйл хэрэгт оролцох эрх, хүүхдийн эрх, ялгаварлан гадуурхалт, эрүүдэн шүүхтэй холбоотой мөрдөн шалгах бие даасан механизмтай болох, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг багтаж байна.

Үүнээс гадна улс төрийн намуудын төлөөлөлтэй хийсэн уулзалт, ярилцлагын үеэр тухайн намууд нь хүний эрхийг хамгаалагчид болон иргэний нийгмийн байгууллагууд руу чиглэсэн бие даасан бодлогын дотоод бүтэцтэй эсэх нь анхаарал татсан сэдвүүдийн нэг байсан юм. Үүнтэй холбогдуулж, МАН‐ын дэргэдэх стратеги, судалгааны төвөөс хүүхдийн эрх болон зохистой аюулгүй хүнсээр хангагдах эрхийн асуудлаар хүний эрх хамгаалагчид, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн.

Харин зөвлөгөөний төгсгөлд болсон Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой хийсэн уулзалтын үеэр оролцогчдын зүгээс Хүний эрх хамгаалагчдын тухай хуулийн төсөл болоод ХЭҮК‐ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагын талаар голчлон санал солилцсон төдийгүй морь унаач хүүхдийн асуудлаар дорвитой алхам хийхээр нэгдсэн ойлголтод хүрлээ. Гэвч Монголын хүний эрх хамгаалагчдыг хууль , эрх зүйн хүрээнд хамгаалах механизмыг бий болгоход хамгийн их үүрэг оролцоотой байх ёстой УИХ‐ын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны төлөөллийг зөвлөгөөн зохион байгуулагчдын зүгээс урьсан боловч эцсийн мөчид татгалзсан хариу өгсөнд харамсаж байна. 

Эцэст нь дүгнэхэд, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд хүний эрхийн асуудлаар тодорхой ахиц гарсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэхдээ хүний эрх хамгаалагчид болон сэтгүүлчид халдлага, сүрдүүлгийн золиос болох нь үргэлжилсээр байгаа нь дан ганц хууль батлаад орхихоос илүүтэй иж бүрэн, цогц хөтөлбөр шаардлагатай байгааг илтгэж байна.

                                           ФОРУМ‐АЗИ, Хүний эрх хөгжил төв, Глоб Интернэшнл төв





Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1279 
 Нийт хандалт:113669 
 Энэ сард:10728 
 Өнөөдөр:29 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.