
Глоб Интернэшнл Төв “GSP+ системээр дамжуулан хүний эрх, хөдөлмөрийн эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд Монголын Хуульчдын холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран ажиллана.
Энэхүү хамтын ажиллагааг баталгаажуулж 2018 оны тавдугаар сарын 22-ны өдөр Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтарч дотоодын шүүхийн үйл ажиллагаанд олон улсын гэрээ, конвенцийг хэрхэн ашиглаж буй байдалд, харин Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран сэтгүүлчдийн аюулгүй байдлын нөхцөл байдалд тус тус мониторинг хийнэ.
Глоб Интернэшнл Төв нь 2017 оны 12-р сарын 1-нээс эхлэн Европын холбооны санхүүжилтээр, Democracy Reporting International байгууллагын захиалгаар “GSP+ системээр дамжуулан хүний эрх, хөдөлмөрийн эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь Европын Холбооноос хэрэгжүүлдэг “GSP+” буюу Хөнгөлөлтийн ерөнхий нэмэлт системд багтсанаар эдийн засгийн урамшуулал хүртэж буй орнуудад хүний эрх, хөдөлмөрийн эрхийг хөхиүлэн дэмжих гол зорилготой юм.