Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.05.02

ЦЕНЗУРЫН YYСЭЛ, МӨН ЧАНАР

Ч.Чойсамба, сэтгvvл зvйн доктор
Тvvхийн бvхий л vед хvн төрөлхтөнд ямар нэг зvйл мэдэхэд нь саад учруулж, хориг тавьж, цагдан хянасаар ирсэн билээ. Энэхvv цагдан хяналтыг гол төлөв эрх мэдэлтнvvд, цэрэг-улс төрийн хvчнийхэн, шашны байгууллагууд хэрэгжvvлдэг. Өөрөөр хэлбэл, цагдан хяналт буюу цензур (латины cenzura vгээс гаралтай) бол дээрээс доошоо чиглэсэн захиргаадалтын шинжтэй, хvний мэдэх эрхийг ноцтойгоор зөрчиж буй харгис, бурангуй агуулгатай арга хэмжээ юм.
Албан ёсны тvvхэн эх сурвалжуудад тэмдэглэгдсэн, цензурыг хэрэглэсэн хамгийн анхны тохиолдол ХТӨ 605 онд гарчээ. Иудейн хаан Иоаким зөнч Иеремиягийн ном судруудыг шатаах зарлиг буулгасан байна. Энэ лvндэн гагцхvv цензурын төдийгvй, өөрийн цензурын эхлэлийг нэг зэрэг тавьсан гэж судлаачид vздэг. Учир нь тэр явдлаас хойш өөрсдийн бvтээлээ Иеремиягийн адил шатаалгахгvйн тулд шажны зохиолчид бичиж буй зvйлээ хянах болжээ. Улмаар тэд зарим санаагаа дэлгэрvvлэхгvй орхих, заримыг нь битvv утгаар илэрхийлэх зэрэг аргыг хэрэглэх болсон юм .
ХТӨ 443 онд цензурыг хэрэгжvvлэх, гардан гvйцэтгэх анхны албан ёсны байгууллага бий болжээ. Эртний Ромын хотын удирдлагын дэргэд цензор хэмээх албан тушаал бий болсон байна. Тухайн энэхvv нэр томьёо орчин vеийн утгаасаа арай өөр агуулгатай байжээ. Цензор нь хотын дvрэм журмыг иргэд хэрхэн биелvvлж буй, мөн тэд ёс суртахуунгvй vйлдэл гаргаж буй эсэхийг хянах vvрэгтэй байв.
Тэр цагаас хойш эрх мэдэлтнvvд өөрсдийн байр сууриа хадгалахын тул юу эсийг хянаж цагдаж, хориглож, цензурдаж байв. Нэгэнт цензурын тvvхийн тухай өгvvлж байгаа болохоор энэхvv бурангуй vзэгдэл ямар ямар хэлбэрээр илэрч байсан тухай товч дурдъя.
ХТӨ 399 онд Грекийн суут философич Сократыг vзэл бодлынх нь төлөө шоронд хорьж, амиа хорлоход хvргэснийг судлаачид цензурын хамгийн харгис хэлбэр гэж vздэг. Тэрээр vг хэлэх, vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг тууштай хамгаалж байсан юм. ХТӨ 213 онд нэгдсэн Хятадын анхны эзэн хаан Цинь Ши Хуан-ди анагаах ухаан, хөдөө аж ахуй, мэргэ төлгө зэрэг шинжлэх ухааны (тэр vед мэргэ төлгийг шинжлэх ухаан гэж vздэг байв) бvхий л ном зохиолыг нилэнхvйд нь устгахыг тушаажээ. Хятадын цагаан хэрмийг бариулсан Цинь Ши Хуан-ди шинэ Хятадыг байгуулахах зорилгоор ийм зарлиг буулгасан юм. 499 онд хориотой номын анхны жагсаалт батлагджээ. Пап лам Гелазиус католик шашинтнууд уншиж болохгvй номнуудын нэрс бvхий «Пап ламын индекс» гэгчийг баталсан нь засварлагдан баяжсаар өдгөөг хvрчээ.
Тэр цагаас хойш юу эсийг цензурдэж байв. 1450 онд Йохан Гутенберг хэвлэлийн суурь машин бvтээсэн нь цензур хvрээгээ тэлэхэд дам нөлөө vзvvлсэн юм. 1501 онд шинжлэх ухааны нээлтvvдийг, 1541 онд уран зургийг хvртэл цензурдэж эхэлжээ. Эрх баригчид, шашны томчуул Дундад зууны vед нийгэм, улс төр, иргэний амьдралын бvхий л салбарыг хяналтдаа авч, торгох, хорих, тэр ч байтугай цаазаар авах ялаар шинэ, тэргvvний сэтгэлгээг нухчин дарж байв. Энэ бvхнээс vзэхэд цензур гэгч нь анхнаасаа харгис агуулга, мөн чанартай арга хэмжээ байсан юм.
Цаг хугацаа улиран одож, нийгэм өөрчлөгдөж байсан ч цензур мөн чанараа хувиргасангvй. Өдгөө цензур гэдгийг албан ёсны институтууд хортой, сөрөг vр дагавартай гэж vзсэн vзэл, мэдээллийн тархалтыг бvрэн хориглох, эсвэл хязгаарлах зорилгоор нийтлэл, нэвтрvvлгийн агуулга, гаргалт, тvгээлт, дамжуулалт, цахим бvтээгдэхvvнийг вэбд байрлуулах төдийгvй, урлагийн бvтээл, захидал харилцаа, цахилгаан мэдээ зэргийг цагдан хянах гэдэг утгаар нь бид ойлгодог. Энэхvv институт нь дэвшилтэт болон харгис хvчин байж болох бөгөөд цензурдэх эрх зvйн чадамжтай байдаг учир албан ёсныд тооцогддог.
Ямар институт цензурыг хэрэгжvvлж буйгаас нь шалтгаалж бид иргэний, цэргийн, эсвэл шашны гэж ангилдаг. Тvvнчлэн хамгийн өргөн утгаар нь цензурыг урьдчилсан, дагалдсан буюу цээрлvлэх гэж хоёр хуваадаг. Урьдчилсан цензур бол аливаа мэдээллийн агуулгыг ОНМХ-ээр тvгээхээс өмнө хянаж шалгах, vvний vндсэн дээр зөвшөөрөл олгох ажиллагаа юм. Харин нийтлэл, нэвтрvvлэг олон тvмний хvртээл болсных нь дараа тэдгээрийг туурвисан, бэлтгэсэн, тvгээсэн хvнд захиргааны шийтгэл хvлээлгэх, эд зvйлийг нь хураах, эрх чөлөөг нь хасах явдал бол дагалдсан цензур хэлбэр билээ.
Хvн төрөлхтөн оршин тогтнож буй бvхий л хугацааныхаа турш цензурын аливаа хэлбэр, илрэлтэй амь хайргvй тэмцсээр ирсэн боловч энэхvv сөрөг vзэгдэл одоо ч бидний дунд байна. Дээр бид төрөл бvрийн цензурын илрэлийн тухай өгvvлсэн. Тэгвэл одоо хэвлэлийн цензур дээр тогтож яръя.
Манай улс хэвлэлийн цензурын хамгийн өргөн сvлжээ бvхий хоёр их гvрний хооронд оршиж байна. ОХУ, нэн ялангуяа БНХАУ бол аливаа хэлбэрийн цензурээрээ дэлхийд зартай. ОХУ бол манай орны адил нэг талаар маш задгай, нөгөө талаар маш цензуртэй өвөрмөц орон юм. Оросд ямар ч хяналтгvй порно сайтууд хамгийн хөгийн гэмээр цензуртэй зэрэгцэн оршиж байна. Тухайлбал: орон нутгийн «Тульские известия» сонины редактор Александр Меситов ОХУ-ын араанд зуугдсан «ЮКОС» компанийн рекламыг нийтэлснийхээ ажилгvй болжээ. Тvvний оронд урьд нь сэтгvvл зvйд барааны газар ч ойртож байгаагvй дэд хурандаа томилогдсон байна . Приморьед «ОТВ-Прим» телесувгийн сэтгvvлч Рушан Янов төрхөм рvvгээ буцжээ. Тэрээр мужийн амбан захирагчаас ярилцлага авахынхаа өмнө микрофон зvvхдээ тvvний пиджакнаас хагийг нь гөвсөн гэж ярьсныхаа төлөө ажилгvй болсон юм. Оросод шууд захиргаадалтын бус, эдийн засгийн хэлбэрээр ч цензур хэрэгжиж байна. Энэ нь хvчээр асуудлыг шийдэхээс ч илvv хорон vр дагавартай. Жишээ татахад Томск мужийн цөөн чөлөөт хэвлэлийн нэг «Деловой обзор» сонин нэгэн дугаартаа мужийн амбан захирагчийн орлогч, «Нэгдсэн Орос орон» эвслийн лидерийг шvvмжилжээ. Шvvх сэтгэл санааны хохирлыг арилгуулах нэрийдлээр 200 мянган рубль гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Сонины эзэнд ийм мөнгө байгаагvй учир арга буюу «Нэгдсэн Орос орон» эвслийн дуу хоолой болжээ .
БНХАУ-д урьдчилсан ба дагалдсан цензурын аль аль нь маш хvчтэй. Сvvлийн жилvvдэд Хятад интернет хэмээх даяар сvлжээг өөрийн нутаг дэвсгэр дээр хяналтдаа авах зорилгоор маш олон шийдвэр, захирамж гаргаж байна. Хамгийн сvvлийн жишээ бол Хунан мужийн «Contemporary Business News» цахим сонины сурвалжлагч 37 настай Ши Тао гадаадын веб-сайтуудад улсын нууц мэдээлэл задруулсан хэргээр 10 жилээр яллагдсаныг дэлхийн олон нийт буруушааж байгаа юм . Билл Гейтс энэ талаар: «Интернетийг цензурдэх гэсэн аливаа оролдлого анхнаасаа нуран унах тавилантай» гэсэн байдаг. MSN порталын хятад хувилбар дээр ардчилал, эрх чөлөө, хvний эрх, Тайваний эрх чөлөө, жагсаал цуглаан зэрэг vг хэрэглэхийг БНХАУ-ын засгийн газрын шаардлага, шахалтаар хориглосон аж .
Хоёр хөршийнхөө тухай өгvvлсний дараа өөрийн орны ганц хоёр жишээ дурдах гэсэн юм. Ардчилсан хvмvvнлиг гэгддэг манай нийгэмд социалист Хятадын адил урьдчилсан ба дагалдсан цензур сvртэй ч, хvчтэй ч байна. 1996 онд «Ардчилсан холбоо» эвсэл засгийн эрхэнд гарангуутаа чөлөөт хэвлэлvvдийг хаах ажиллагааг эхлvvлсэн, 2000 онд МАХН энэ уламжлалыг vргэлжлvvлсэн, бичсэн нийтлэлийнхөө төлөө сэтгvvлчид шvvхэд дуудагдах, ял зэмлэл хvлээх нь аанай л цензур билээ. ХМХ эрхлэн гаргахыг хvссэн хvн заавал ХЗДХЯ-д бvртгvvлдэг, дээр нь бас сэтгvvлчийн мэргэжилтэй хvн заавал ажиллахыг шаардах явдлыг олон улсын жишгээр цензурын нэг хэлбэр гэж vздэг.
Хэдийгээр 1998 онд батлагдсан «Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай» хуульд цензурын аливаа хэлбэрийг устгасан тухай тунхагласан ч vнэн хэрэгтээ бодит байдал тэс өөр байна. Хэвлэл эзэнтэй байгаа цагт хэзээ ч чөлөөт байж чадахгvй гэж ярьдаг нь vнэний хувьтай юм. Ийм нөхцөлд сэтгvvлчид алхам тутамдаа цензурын илрэлтэй тулгарч байна. Энэхvv цензур манайд нийтлэлийн бодлого гэдэг ойлголтоор илэрдэг. Сонирхолтой нь сэтгvvлчид төдийгvй, дадлагын оюутнууд ч нийтлэлийн бодлого гэдэг Берлины ханыг мөргөж, хvч мөхөсддөг. Дадлагын тайлангаа хамгаалж буй зарим оюутнаасаа яагаад аахар шаахар мэдээнээс өөр зvйл бичээгvй юм бэ гэж асуухад дорвитойхон юм бичих гэхээр манай сонины нийтлэлийн бодлогод тохирохгvй гээд ер болохгvй юм гэж учирладаг. Яг ийм нийтлэлийн бодлогоос болж манай нэрт сэтгvvлч, Соёлын гавьяат зvтгэлтэн Б.Лигдэн гуай ажлаа солихоос өөр аргагvйд хvрснийг бодвол дадлагын оюутнуудыг ойлгоход тийм ч тvвэгтэй биш.
Энэ бол мөсөн уулын ердөө л орой юм. Сонины редакци бvр доор доороо бяцхан Главлит болчихоод байна. Юуг нийтлэх вэ, харин юуг эс нийтлэх вэ гэдгийг тэрхvv «Главлит» шийдэж байна. Бид энэ маягаараа бол нэг алхаад хойд хөршийнхөө, тэндээсээ ганц том харайгаад урд хөршийнхөө зиндаанд очих нь.
Илтгэлийнхээ эцэст би нэг санал дэвшvvлэх гэсэн юм. Энэ бол Монгол дахь цензурын аливаа хэлбэрийг тодорхой жишээ баримттай гаргах зорилгоор тусгай веб сайт ажиллуулах юм. Мэргэжлийнхээ vйл ажиллагааг гvйцэтгэж явахдаа цензуртэй тулгарсан сэтгvvлч энэхvv сайт руу ороод өөрт тохиолдсон явдлын тухай бичих юм. Улмаар бид цензур Монголд ямар төвшинд хvрчихээд байгаа, vзэл бодлоо илэрхийлэх, vг хэлэх болон хэвлэн нийтлэх, мөн мэдэх эрхэд ямар аюул заналхийлж байгаа талаар vнэн бодитой, ул суурьтай мэдээлэл авч болно.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160143 
 Энэ сард:15174 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.