Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.01.25

ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООД VЙ ОЛОН ХVНИЙ МӨНГИЙГ ЛУЙВАРДАЖ ЧАДСАНЫ БУРУУГ ТЕЛЕВИЗVVД ХУВААЛЦАХ ЁСТОЙ.

Сэтгvvлч Д.Цэрэнжав өөрийгөө хэвлэл мэдээллийн “Ажиглагч” гэж тодорхойлжээ. Тэрбээр “Монголын ОНМХ-ийн тойм” сэтгvvлийг эрхлэн гаргаж сонин хэвлэл, радио, телевизийн vйл ажиллагаанд ажиглалт хийж алдаа, доголдлыг байнга шvvмжилдэг. Энэ удаад жирийн хvмvvсийн амьдралд телевиз ямар хvчтэй нөлөө vзvvлж, зарим тохиолдолд тэр нь хичнээн хор уршигтай байж болохыг тодорхой жишээн дээр ярьж байна.

- Та өнөөдрийн хэвлэл мэдээллийн нийтлэл, нэвтрvvлгийн талаар ямар бодолтой явдаг вэ? Юу ажиглагдаж байна? Хvн бvр сонин унших юмуу радио сонсож, телевиз vздэг болохоор энэ бараг бvгдэд хамаатай сэдэв болов уу...
- Юуны өмнө телевизийн талаар танай уншигчидтай санал бодлоо солилцъё гэж бодлоо. Гэхдээ би телевизvvдийн гоё сайхныг ярихгvй. Манай телевизvvд тэртэй тэргvй өөрсдийгөө хангалттай магтаж, өөрөөрөө бахархаж явдаг. 2006 оноос эхлэн “Алтан шонхор” шагналаар бие биенээ шагнаж шинэ жилийн хэдэн vдэш бvх телевизээр залхтал vзvvллээ шvv дээ. Харамсалтай нь, жирийн vзэгчдийн саналаар өгдөг шагнал биш байсан.
Тийм ээ, телевиз бол асар хvчтэй мэдээллийн хэрэгсэл. Хаа холын vйл явдлыг дулаан гэртээ налайж суугаа бидэнд дэргэд нь очиж харсан мэт дvрсээр vзvvлж чаддаг. Бид дасчихсан болохоос энэ бол гайхамшиг. “Болор цом”-ын найрагчид нийлж бичээд ч тэр дvр зургийг телевизээр харагддагтай адил бидний толгойд буулгаж чадахгvй. Гэхдээ энэ нь манай телевизийн сэтгvvлчдийн бие биеэ хөөргөдөг шиг зөвхөн тэдний гавьяа биш. Энэ бол ерөөсөө л телевизийн мөн чанар, давуу тал, тvvний боломж юм.
Харин манай телевизvvд энэ боломжоо хэрхэн ашиглаж байгаагийн зарим зvйл дээр би санаа зовж явдаг.
-Тухайлбал ямар зvйл байна вэ? Телевизийн мэдээлэл хэр vнэн зөв, бодитой байгаа, эсвэл зар сурталчилгаа хэтэрхий их байгаа тухай юу?
-Аль алины тухай. Өөрөөр хэлбэл “Бизнес мэдээ” гэгчийн тухай яримаар байна.
Оршил хэлэхэд, бизнесийн салбарын аливаа vйл явдал, асуудал, бараа бvтээгдэхvvний талаар мэдээлж сурвалжлах ёстой. Сэтгvvлчид, эдийн засагчид хөндлөнгийн ажиглагчид бизнесийн талаар мэдээлж тайлбарлаж байх нь vзэгч, уншигчдад хэрэгтэй. Гэхдээ сайнтай муутай нь буюу бодитой мэдээллийг өгөх ёстой. Vvнийг бизнесийн мэдээ, сурвалжлага, тойм гэнэ. Тэр ч байтугай vнэ хөлсөөр бараа, бvтээгдэхvvнийг магтаж өгч болно. Vvнийг реклам сурталчилгаа гэдэг. Тэгвэл манай арилжааны телевизvvдийн мэдээлийн хөтөлбөрийн бараг vндсэн хэсэг болчихоод байгаа “Бизнес мэдээ” гэгч бол төлбөртэй зар сурталчилгааг телевизийн мэдээ, сурвалжлагын хэлбэрт оруулан vзэгчдийг хууран мэхэлж байгаа хэрэг юм.
Саяхан NTV телевизийн “ТВ клуб” нэвтрvvлэгт телевизvvдийн мэдээллийн албаны дарга нарыг урьж оролцуулсан. Тэдний Бизнесийн мэдээ”-гээ яаж зөвтгөхийг нь чих тавьж сонслоо л доо. Бараа, vйлчилгээний тухай мэдээлэл хvмvvст хэрэгтэй, vзэгчид танилцуулаад өгөөч гэж хvсдэг гэж ярьж байна лээ.
-Vзэгчдэд бараа vйлчилгээний талаарх мэдээлэл vнэхээр хэрэгтэй шvv дээ...
-Тиймээ, гэхдээ бодитой мэдээлэл хэрэгтэй. Би нэг асуулт тавья л даа. Яагаад “Бизнес мэдээ” зөвхөн магтсан байдаг юм бэ?
-Төлбөртэй учраас л...
- Яг тийм. Бизнес мэдээ гэдэг бол төлбөртэй захиалгат мэдээ, сурвалжлага. Бусад оронд, хэвлэлийн эрх чөлөөний доголдолтой гэгдэж буй Орост хvртэл телевизийн мэдээг реклам сурталчилгаанаас бvрэн заагладаг. Тэр бvv хэл аль нэг компанийн хvн телевизээр ярихад компанийнх нь нэрийг бичихгvйгээр, тухайлбал “гар утасны vйлчилгээ явуулдаг компанийн захирал, ажилтан” гэж танилцуулдаг нарийн хэм хэмжээ байдаг. Гэтэл манайд улсад ямар байдаг билээ?
“Бизнес мэдээ” гэдгийг анх 2003 онд ТВ5 телевиз гаргаж ирсэн. Vvнээс өмнө төлбөртэй мэдээ, сурвалжлага манайд байсан уу гэвэл байсан, гэхдээ тvvнийг буруу гэсэн ойлголт байсан учраас жаахан ичдэг, нуусхийдэг, хулгайгаар хийдэг байсан. Тэгвэл ТВ5-аас эхлээд ичихээ больчихсон. Сvvлдээ баримжаагаа алдаж “Манайх монголын телевизэд “Бизнес мэдээ” гэдгийг анх оруулж ирсэн” гэж донгоддог болжээ. Хэн ч хэлэхгvй болохоор цагаандаа гарч байгаа хэрэг. Яваандаа арилжааны бусад телевизvvд бvгд бизнес мэдээтэй болчихлоо.
- Гэхдээ бизнес мэдээнд хvмvvс тэгэж их эмзэглээд байдаггvй шиг санагддаг. Бизнес мэдээ бол нэг талаараа телевизэд ашигтай, нөгөө талаар vзэгчдэд хэрэгтэй мэдээлэл өгдөг, бизнес мэдээнээс болж хэн ч хохирдоггvй гэж хэлэх байх.
- “Бизнес мэдээ”-нээс болж хохирсон хvмvvс бол Хадгаламж зээлийн хоршооны (ХЗХ)-ны хохирогчид юм. Анхандаа “бид телевизийн сурталчилгаанд итгэсэн” гэж гомдоллосон яриа цухалзуулж байсан ч манай хэвлэл мэдээллийнхэн энэ яриаг өрнvvлэлгvй дардаг учраас тэгэсхийгээд мартсан. Харин би өнгөрсөн 3-4 жилд ХЗХ-д vй олон хvний мөнгийг луйвардаж чадсаны бурууг телевизvvд хуваалцах ёстой гэж хэлэх гээд байна.
- ХЗХ-ны сурталчилгааг бизнес мэдээ хэлбэрээр явуулсан учраас тэр vv?
- Яг тийм. Миний тооцоолсноор ХЗХ-ны телевизийн сурталчилгааны 80-90 хувийг “Бизнес мэдээ“-гээр явуулсан. Би тодорхой телевизvvдийг онцолж нэрлэмээр байна. ХЗХ-д иргэдиийн луйвардахад бараг бvх телевиз хувь нэмрээ оруулсан боловч ТВ5, ТВ9, UBS гурав бусдаас тасархай байсан.
2003-2006 онуудад бидний мөнгийг vржvvлээд өгдөг “Бvтээн байгуулалт хөгжлийн сан”, “Гэр хорооллын барилгажилт”, “Глоб Кредит”, “Баян Өндөр сан” гэдэг буян хишиг нь дэлгэрсэн ХЗХ-дын тухай телевизийн “Бизнес мэдээ”-г та бид хэдэн мянган удаа vзсэн байх. Телевиз гэдэг дэндvv хvчтэй мэдээллийн хэрэгсэл болохыг дээр хэлсэн. Өглөө босоход л, vдэш гэртээ ирэхэд л телевизийн мэдээллийн хөтөлбөрөөс “Та мөнгөө тийш нь аваачиж өгөөд хэд дахин өсгөөд аваач, юугаа хийгээд зvгээр суугаад байгаа юм бэ, бас дээрээс нь компьютер, жип машин, 2 давхар хаус нэмээд аваач гээд гэж зогсоо зайгvй ухуулаад, бушуухан очооч, байр нь НИК-ийн урд байна (“Бvтээн байгуулалт хөгжлийн сан”), Драмын театрын зvvн талд байна (“Гэр хорооллын барилгажилт”), нэгдvгээр хороололд байна (“Глоб Кредит”), та мөнгөө бариад энэ хаалгаар орно, тэгэхэд гоё охидууд угтаж авна, цаана нь захирал гээд ажил хэрэгч залуу сууж байна ... гээд байрлалыг нь хvртэл зааж өгөөд, бараг л унаагаар хvргэж өгөх нь холгvй байхад ямар ч хартай хvн тэсэхээргvй байсан биз. Тэр vед нэг ёсондоо телевизийн бизнес мэдээгээр дамжин нийгмийн ховсдолт явагдсан.
- Vзэгчид цэвэр рекламыг бол ойлгодог, наанатай цаанатай ханддаг байх. Тэгвэл “Бизнес мэдээ”-нд яагаад илvv итгэдэг юм бэ?
- Энд жирийн иргэдийн төдийлөн анзаардаггvй нэг ялгаа бий. Шууд рекламаар сурталчилна гэдэг бол тухайн компани, бизнес эрхлэгчид “Бид таны мөнгийг хадгалаад тийм хvv өгнө, манайх сайн, бидэнд итгээрэй” гэх мэтээр гуйж, итгvvлж байгаа хэрэг юм. Та бидний мөнгийг салгахын тулд тэгэж байгаа нь ил тод.
Харин “Бизнес мэдээ”-гээр бол vнэн бодит мэдээллийг эрхэмлэдэгээ бахдаж ханадаггvй телевиз буюу телевизийн сэтгvvлчид маань тухайн ХЗХ дээр очиж сурвалжлаад “Бид очиж vзлээ. Vнэхээр баталгаатай хоршоо юм байна. Та мөнгөө хадгалуулж болно” гэж та бидэнд хэлж өгч байна гэсэн vг. Өөрсдийгөө дөрөв дэх засаглал гэж vздэг сэтгvvлчдэд итгэхгvй байж болно гэж vv?
- Vнэхээр бизнес мэдээг тухайн телевизийн зар сурталчилгааны алба нь биш, харин мэдээний сурвалжлагч нар өөрсдөө явж ердийн мэдээ шиг сурвалжилж бэлтгээд өөрсдөө мэдээлдэг ...
-Яг зөв. Анзаараарай: ТВ5 телевиз бизнес мэдээгээ явуулж дуусчихаад: “Манай мэдээ дууслаа. Одоо реклам эхэлнэ” гэж хэлээд жинхэнэ рекламаа явуулдаг. “Бизнес мэдээ” нь мэдээллийн хөтөлбөрийн дундуур явдаг. Тийм биз?
-Тийм.
- ХЗХ-ны хохирогчид жагсаал цуглаан хийхдээ “Бид төрдөө итгээд мөнгөө аваачаад өгчихсөн” гэдэг. Яг төрд итгэсэн хэрэг биш байх. Гэхдээ тэд vнэхээр нэг юманд итгэснээс мөнгөө аваачиж өгсөн байж таараа. Тэр нь миний бодож байгаагаар бол төрд биш, харин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэсэн. Юуны өмнө телевизэд итгэсэн. Хэрвээ манай телевизэд “Бизнес мэдээ” гэгч байгаагvй бол ХЗХ-д ийм олон хvнийг хулхидаж чадахгvй байсан гэдэгт би эргэлздэггvй.
-За яахав, тэгвэл бизнес мэдээ гэж байгаагvй гэж бодьё?
-Тэгсэн ч телевизvvд мөнгө олоход ямар ч саад байхгvй, цэвэр реклам сурталчилгаа явуулаад байхад л болно. Vvнийг хэн ч буруутгахгvй.
Нөгөө талаар, бизнес мэдээ гэж байгаагvйсэн бол, телевизийн сэтгvvлчид хийх ёстой ажлаа хийсэн бол ХЗХ-д ингэж дураараа дургихгvй байсан. Сэтгvvлчид “тэр ХЗХ vнэхээр найдвартай юу, том банкууд сарын нэг хувийн хvv өгч байхад ХЗХ-д яахаараа 4-5 хувийн хvv өгч чаддаг юм бол, тэдэнд итгэж болох уу” гэх мэт энгийн асуулт тавьж сурвалжлаад, эрэн сурвалжилдаггvй юмаа гэхэд ядаж ганц хоёр эдийн засагчаас асуугаад л хvмvvст бодитой мэдээлэл өгч, тэр олон мянган хохирогсдыг сэрэмжлvvлж чадах байсан.
-Та ХЗХ-д олон хvний мөнгийг луйвардсаны бурууг телевизvvд хуваалцах ёстой гэж тvрvvн хэлсэн. Хvмvvсийн толгойг бизнес мэдээгээр эргvvлсэн юм байна. Гэхдээ бусад мэдээлэл нь бодитой байсан уу?
- Телевизvvд бизнес мэдээг ашиглан асар их мөнгө олж байгаадаа цадаагvй, дээрээс нь оны эцэст шилдгийн шилдгээр шалгаруулж дахиад мөнгө авдаг болсон. Ялангуяа ТВ5, ТВ9 хоёр арай дэндсэн. Зөвхөн 2005 онд ТВ9 телевиз гэхэд “Бvтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб Кредит”, “Гэр хорооллын барилгажилт”, “Нью болор оргил”, “Жигvvр инвест”, “Цэн Алт”, “Баян Өндөр” ХЗХ-дыг, ТВ5 телевиз “Бvтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб Кредит”, “Гэр хорооллын барилгажилт”, “Нью болор оргил”, “Улаан загалмай” зэрэг ХЗХ-дыг оны шилдэгээр шалгаруулж байжээ. Нэрсийг нь харвал, хамгийн томоор дампуурч, хамгийн ихээр луйвардсан хоршоод мөн байгаа биз? Дөрөвдэх засаглалаас шилдгийн шилдгээр гэж зарлаад байхад итгэхээс өөр яахав.
2005 оны дундуур ХЗХ-д эхнээсээ дампуурч, мөнгөө өгч чадахгvй удааж байна гэсэн яриа цухалзаж эхэлсэн. Гэтэл телевизvvд бизнес мэдээллээ улам хvчтэй vргэлжлvvлсэн. Гэхдээ арай өөрөөр: “Зарим ХЗХ хадгалуулагчийнхаа мөнгийг өгч чадахгvй байхад тэр ХЗХ зvв зvгээр ажиллаж байна. Очоод мөнгөө буцааж авсан ч болно. Гэхдээ тэгэх хэрэггvй ээ” гээд л. Ингээд ХЗХ гэдэг пирамид нурж эхэлчихээд байхад ч бизнес мэдээгээ vргэлжлvvлсээр байсны улмаас дахиад хэдэн сарын турш, дахин хэдэн мянган хvн хулхидах боломжийг олгосон.
- Телевизvvд энэ бvхнийгээ өмгөөлөх ямар нэг зvйл хэлэх л байх даа?
-Гэхдээ тэдэнд өөрсдийгөө өмгөөлөх ёс суртахууны эрх байхгvй. Тэр байтугай эрх зvйн vндэс ч байхгvй. Яагаад гэвэл ХЗХ-ны vйл ажиллагааг хэвлэл мэдээллээр сурталчлахыг хуулиар бvрэн хориглосон. Дампуурсан ХЗХ-дын дансыг шалгаад хэвлэл мэдээллийн сурталчилгаанд зарцуулсан мөнгийг тооцоолон гаргаж хохирлын тодорхой хэсгийг барагдуулах эх vvсвэр болгосон ч буруутахгvй.
- Одоо ХЗХ-д дампуураад “Бизнес мэдээ”-гээр сурталчлахаа больсон. Гэхдээ “Бизнес мэдээ” бvх телевизэд байгаа...
- Өнөөдөр телевизvvд ХЗХ-дын биш, архи тамхины сурталчилгааны “Бизнес мэдээ”-нээс мөнгө хvvлж байнаа. Ялгаатай нь гэвэл ХЗХ-дод хvмvvс бодитой мөнгөө алдсан бол архи тамхины сурталчилгаанаас хvмvvс эрvvл мэндээ алдаж байгаа нь шууд харагдахгvй.
Телевизvvдийн “Бизнес мэдээ”-г vзэх юм бол Монголд хоёр том буяны байгууллага байна. Хажууд нь юун Гандан, юун Христийн буяны байгууллага! Нэгнийх нь нэр Спирт бал бурам, нөгөөгийнх нь нэр АПУ. Монголын хамгийн том энэ хоёр буяны байгууллага та биднийг дээд зэргийн чанартай “бvтээгдэхvvн” гэж нэг юмаар тэжээгээд монголыг тэжээж, ер нь Монголыг аварч байх шиг санагддаг. Тэр агуу “бvтээгдэхvvн”-ээр биднийгээ тэжээхийн гуало гэдэг бөглөөг хvртэл Италиас авчраад л ... Тэр “бvтээгдэхvvн” гэдэг юмыг нь ахиухан хvртээд байвал улс орон төдийчинээн хөгжих бололтой. Энэ хоёр байгууллага монголын хамаг ядуу зvдvv хvмvvсийг тэжээдэг, монголын оюутан сурагчдын сургалтын төлбөрийг даадаг юм шиг байна. Энэ бол телевизийн “ Бизнес мэдээ”-ний ид шид.
Уг нь Монгол Улс архи тамхины сурталчилгааг хориглосон хуультай. Энэ хуулийг янз бvрээр шvvмжилж болох боловч хориглох vндэс байгаад л хориглосон. Ямар ч байсан нийгэм өөрийгөө хамгаалах механизм бий болгосон хэрэг. Харамсалтай нь өнөөдөр архины сурталчилгаа телевизээр хавтгайрсан, тvvний 80-90 хувь “Бизнес мэдээ”-ээр явж байна. Ерөөсөө АПУ, Спирт бал бурам тэргvvтэй согтуулах ундаа vйлдвэрлэгч компаниуд маркетингийн алба, сурталчилгааны албаа татан буулгаад энэ vvргийг телевизvvд гvйцэтгэнэ гээд зарлачихвал шулуухан юм шиг байгаа юм.
-“Бизнес мэдээ” цаашдаа яах бол? Ямар vр дагавартай байх бол?
-Цаашдаа улс төрийн хувьд нэлээд vр дагавартай байх болов уу гэж болгоомжилж байна. Одоохондоо телевизvvд ерөнхийдөө төв байна, гэхдээ сонгууль ойртохын хэрээр багаа хуулж хаяна. Ингээд нөгөө бизнес мэдээ маань улс төрийн бизнес мэдээ болж хувирна. Улс төрийн нам, нэр дэвшигч ил далд сурталчилгааг хийхдээ яг энэ бизнес мэдээний зарчмыг ашиглана.
Танай сонины уншигчдаар төлөөлvvлэн буюу монголын телевиз vзэгчид хэвлэл мэдээллийн vйл ажиллагаанд шvvмжлэлтэй хандаж, ил далд учир шалтгааныг ухаарч байгаасай гэх vvднээс ХЗХ-ны жишээн дээр энэ бvхнийг ярилаа
-Урилгыг маань хvлээн авч ярилцсанд баярлалаа.

Ярилцсан “Хvмvvсийн амьдрал” сонины сэтгvvлч Б.Ууганбаяр

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159961 
 Энэ сард:14992 
 Өнөөдөр:56 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.