“Глоб Интернэшнл” ТББ сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн 15 хоногийн турш үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг МҮОНТВ, UBS, ТВ5, ТВ9, 25 суваг телевизийн сонгуулийн сурталчилгаанд хийсэн мониторингийн товч тайланг танилцуулж байна.
Шударга сонгуулийн төлөө “Иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний хүрээнд Нээлттэй Нийгэм форумын санхүүжилтээр хийсэн энэ мониторинг нь хамгийн нөлөөтэй ХМХ болох телевиз сонгуульд нэр дэвшигчдийн тухай мэдээллийг олон нийтэд аль хэр шударга, тэнцвэртэй, мэргэжлийн түвшинд мэдээлж буйг судлах зорилттой байсан юм.
Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн сурталчилгаа санал хураах өдөр ойртох тусам идэвхжсэн байлаа. Харамсалтай нь, сонгуулийн сурталчилгаа төдийлөн тэнцвэртэй, шударга байж чадсангүй. “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг телевизийн таван сувгийн нийт 1324 цагийн эфирт хийсэн мониторингоос дараах үндсэн дөрвөн дүгнэлт хийж байна.
Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн сурталчилгаа санал хураах өдөр ойртох тусам идэвхжиж байлаа. Харамсалтай нь, сонгуулийн сурталчилгаа төдийлөн тэнцвэртэй, шударга байж мэргэжлийн түвшинд ажиллаж чадсангүй. Телевизүүдийн нэр дэвшигчдийн тухай мэдээлэлд хэт нэг талыг барьсан, туйлширсан, өрөөсгөл байдал давамгайлсан байлаа.
Телевизүүд сонгуулийн үеэр мэдээний хөтөлбөрөө мэргэжлийн түвшинд бэлтгэж чадсангүй. Мэдээний хөтөлбөрүүд мөн л сонгуулийн сурталчилгаа болон хувирч, нийт мэдээллийн бараг тэн хагас нь төлбөрт материалын шинж агуулсан байв.
МҮОНТВ энэ жил анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд оролцож, үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. МҮОНТВ нэр дэвшигчдийн талаарх мэдээлэлд хамгийн бага цаг буюу нийт эфирийнхээ дөрвөн хувийг хуваарилж, төвийг сахисан мэдээллийн хэмжээ нь бусад телевизтэй харьцуулахад даруй 31-ээс 40 хувиар илүү байлаа. Нэр дэвшигчдийн тухай эерэг, сөрөг мэдээлэл нь хол зөрүүгүй байна. 2009 оны 5 сарын 21-нд явуулсан нэр дэвшигчдийн халз ярилцлага нь мэргэжлийн үүднээс авч үзвэл халз ярилцлага гэхээсээ илүү урьдчилан бэлтгэсэн асуулттай, намуудад, нэр дэвшигчдэд хөтлөгдсөн гэмээр нэвтрүүлэг байсан ч хэт туйлширсан мэдээлэлд төөрөлдөж, бодит мэдээлэл хүсэж байсан сонгогчдод сонголтоо хийхэд нь ямар нэг хэмжээгээр тус болсон гэж үзэж байна.
Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн мониторингийн товч тайлан
Мониторингийн дүн /графикаар/