Глоб Интернэшнл ТББ нь “Ил тод байдлын төлөө түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр “Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулъя” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэ төсөл нь Олон нийтийн зөвлөлийг чадавхижуулах замаар Авлигатай Тэмцэх Газрын авлигыг бууруулах үйл ажиллагаанд нь бодитой хувь нэмэр оруулах зорилготой байсан бөгөөд төслийн баг болон Олон Нийтийн Зөвлөлийг Чадавхжуулах баг хамтран ажиллалаа.
Төсөл хэрэгжих хугацаанд ОНЗ-ийн гишүүд болон иргэний нийгмийн төлөөллийн 3 удаагийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж Латвийн Транспаренси Интернэшнл байгууллагын мэргэжилтэн Айга Гризане олон нийтийн зөвлөлийн гишүүдэд нэг өдрийн сургалт явуулж Монголын АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн эрх зүйн орчныг 10 орны ижил төстэй бусад байгууллагуудын эрх зүйн орчинтой харьцуулан хийсэн судалгааны дүнг танилцуулсан юм. Энэ судалгаа нь ОНЗ-ийн үйл ажиллагааг сайжруулах, цаашдын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд ач холбогдолтой зөвлөмжүүдийг гаргах үндэс болсон.
Мөн “ОНЗ ажиллаж байна” кампанит ажлын үеэр ОНЗ-ийн үүрэг, зорилго, үйл ажиллагаа, эрх зүйн орчин, гишүүд, оролцогчдын тухай сурталчилгааны хуудас бэлтгэн олон нийтэд тарааж NTB-ийн “ТВ клуб”, 25 суваг телевизийн “Хэлэлцүүлэг”, Ийгл телевизийн “Зочны цаг”, SBN телевизээр нийт 4 удаагийн нэвтрүүлэг, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Дээдсийн хүрээлэн”, “Улаанбаатар таймс” сонинуудаар дамжуулан ОНЗ-ийг олон түмэнд сурталчлах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Төслийн нэг гол үр дүн Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэнээ төлөөлөн оролцож, Авлигатай Тэмцэх Газар (АТГ) -ын үйл ажиллагаанд идэвхтэй, эерэг нөлөө үзүүлж чадахуйц Олон Нийтийн Зөвлөл (ОНЗ) -ийг төлөвшүүлэх зорилгоор ОНЗ-ийн зохион байгуулалтыг бэхжүүлэх, үйл ажиллагааг идэвхижүүлэх болон эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар иргэний нийгмийн байгууллагаас ЗӨВЛӨМЖ гаргасан явдал юм.