“Нэр төр сэргээх хэрэг ба цензур” төслийн хүрээнд хийсэн хоёр төрлийн судалгааны тайлан танилцуулах уулзалт -ярилцлага 2010 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Пума зочид буудлын хурлын танхимд боллоо.
Хуульч, өмгөөлөгч Г.Даваахүү шүүхээр 2008 онд шийдэгдсэн иргэн, эрүүгийн хэргийн судалгааны дүнг товч танилцуулав. Монгол Улсын хэмжээнд 2008 онд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээхтэй холбоотой бүгд 44 хэргийн 39 нь иргэний, бусдыг гүтгэсэн доромжилсон гэх эрүүгийн 5 хэрэг шийдвэрлэгдсэнээс сэтгүүлч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох эрүүгийн 5, иргэний 25 хэрэг байжээ.
Дэлгэрэнгүйг 2008 онд эрүү, иргэний хэрэг шийдвэрлэсэн байдлын тухай судалгааны товч тайлан
Сэтгүүлчдийн дунд хийсэн цензурын судалгаанд 215 сэтгүүлч хамрагдсанаас 75 нь орон нутгийн, 140 нь Улаанбаатар хотын тогтмол хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид байв. Судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 60,4% буюу 130 сэтгүүлч нийтлэл, нэвтрүүлгээсээ болж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэсэн гомдолтой тулгарсан байна. 130 сэтгүүлчийн 50,8% буюу 66 нь сүрдүүлэг заналхийлэлд өртөж, 40% буюу 52 нь дарамтанд орсон бол 23% буюу 30 сэтгүүлчид иргэний хэрэг үүсгэн шалгажээ.
Дэлгэрэнгүйг Сэтгүүлчдийн дунд хийсэн цензурын судалгааны тайлан
Уулзалтын үеэр сэтгүүлчид эрх зүйн хүндрэлтэй асуудал тохиолдохоос зайлсхийх, тохиолдсон үед өөрийгөө хамгаалах ойлголттой болоход туслах зорилгоор бэлтгэсэн “Сэтгүүлч Танд эрх зүйн бэрхшээлтэй асуудал тулгарвал...? ” аудио гарын авлагыг танилцуулав.
Уулзалтанд сэтгүүлчид, хуульчид, хүний эрхийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 32 хүн оролцож санал бодлоо солилцлоо.
Ерөнхийлөгчийн тамгын газрын референт Г.Эрдэнэбат оролцож “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль”-ийн төслийн талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулав.