"Глоб Интернэшнл" ТББ 2010 оны 08-р сарын 15-наас АНУ-ын “Ил тод байдлын төлөөх түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр “Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь” 12 сарын хугацаатай төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Санал болгож буй төслийн гол үр нөлөө бол нутгийн иргэд орон нутгийнхаа засаг захиргаанд буй төрийн мэдээллийг хүртэх боломж бүрдсэн байх явдал юм.
Төсөлд Хэнтий, Өвөрхангай аймгийн хоёр сумын хоёр багийн оршин суугчдыг хамруулах бөгөөд төслийн хүрээнд дараахь асуудлыг шийдвэрлэхийг зорьж ажиллана.
• Мэдээлэл хүртэх олон нийтийн эрх, мэдээллийн эрх чөлөөний утга учир, зарчим, мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн орчны ач холбогдол, энэ талаарх олон улсын жишгийн талаар орон нутгийн иргэд, албан хаагчид мэдээлэл дутмаг байгаа
• Орон нутгийн төрийн байгууллагууд мэдээллээр дутмаг байгаа
• Орон нутгийн удирдлагад иргэдийн оролцоо дутмаг
• Орон нутгийн олон нийтэд хяналт тавих, удирдах чадвар дутмаг байгаа
Төслийн зорилго:
Төсөл нь авлигыг хязгаарлахын тулд орон нутгийн засаг захиргааны ил тод байдлыг сайжруулах үндсэн зорилготой.
Төслийн зорилт:
• Төсөл дуусгавар болоход нээлттэй засаглал, мэдээлэл хүртэх эрх болон авлигын талаар орон нутгийн иргэд, нутгийн удирдлагын мэдлэг дээшилсэн байна.
• Төсөл дуусгавар болоход орон нутгийн түвшин дэх ил тод засаглал, авлигын асуудлыг тусгай мониторингоор тогтоосны үндсэн дээр, илүү нээлттэй байх, төрийн үйлчилгээг сайжруулах талаарх олон нийтийн өгсөн санал зөвлөмжийг төрийн байгууллагууд хүлээж авсан байна.
• Төсөл дуусгавар болоход орон нутгийн түвшинд авлига байгаа эсэх нь илэрч, нутгийн олон нийт авлигыг хянаж чаддаг болсон байна.
• Төсөл дуусгавар болоход “Үйл ажиллагааны ил тод байдлын баримт бичиг”-г сумдын засаг захиргаа батлах бөгөөд сумын засаг захиргааны үйл ажиллагаа, санхүү, нөөцийн талаарх мэдээллийг нутгийн иргэд авах боломжтой болно
Хүлээж буй үр дүн
Төслийн эцэст бид дараах үр дүн гарна гэж хүлээж байна. Үүнд:
1. Олон нийтэд зориулсан хоёр удаагийн сургалт, “Таны мэдэж авах эрх” аудио гарын авлагаар дамжуулан авлигатай тэмцэхэд мэдээллийн эрх чөлөөний гүйцэтгэх үүрэг, ил тод, сайн засаглалын ач холбогдол, төрийн мэдээллийг олж авах тухай ойлголт, үзэл санааг хоёр сумын нийт 40 хүнд таниулж мэдүүлнэ.
2. Сургалт, гарын авлагаар дамжуулан орон нутгийн дор хаяж 30 албан хаагчид олон нийтэд мэдээлэл хүргэх тэдний үүрэг, иргэдийн санал хүсэлтэд хэрхэн зохистой хариу өгөх талаар сайн мэдлэг олгоно.
3. Хоёр сумын дор хаяж 12 иргэнд төрийн үйлчилгээний гурван байгууллагад мониторинг хийлгэх байдлаар судалгаа, мониторинг хийх чадвар олгоно.
4. Мониторингийн хоёр тайлан, зөвлөмжийг нутгийн иргэдэд дугуй ширээний ярилцлага, орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэж, үндэсний хэмжээнд ГИ–ийн цахим хуудас, цахим сурталчилгааны жагсаалтаар дамжуулан хүргэнэ.
5. “Ил тод байдлын баримт бичиг” бэлэн болж, төрийн байгууллагын санхүүжилт, нөөц, үйл ажиллагааны мэдээллийг сонгож авсан мэдээллийн сувгууд, цахим хуудсаар дамжуулан өргөн хүрээнд түгээнэ.
Төслийн хүрээнд өөр хоорондоо нягт уялдаа бүхий гурван цогц үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
i) Орон нутгийн олон нийтийн мэдлэг, ухамсрыг дээшлүүлэх үйл ажиллагаанд хоёр багийн хүмүүст зориулсан сургалт, аудио гарын авлага зэрэг үйл ажиллагаа багтана
ii) “Хэрхэн, яаж?” сэдэвт кампанит ажил зохион байгуулна. Үүнд баг, сумын албан хаагчдад зориулсан нэг өдрийн сургалт явуулах, “Хэрхэн яаж?” гарын авлага, хэвлэл гаргах ажлууд багтана.
iii) Орон нутгийн 20 ТББ –ын төлөөлөгчдийг хамруулсан “Ил тод байдлын ажиллагаа” хэмээх кампанит ажлыг хоёр суманд зохион байгуулна. Энэ нь нээлттэй ил тод байдлын мониторинг хийх чадвар олгох сургалт, хоёр сумын засаг захиргааны үйл ажиллагаа, орон нутгийн төрийн мэдээллийн ил тод байдлын үйл ажиллагаа зэрэг ажлууд багтана.