Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.01.05

Сэтгүүлчдэд ялгавартай хандаж байгаад харамсаж байна

2011 оны 1-р сарын 5

          Монгол Улсын  Их хурлын 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”-ийн  “УИХ-ын үйл ажиллагааг мэдээлэх журам”-д  “УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг чуулган бүрийн эхэнд хэвлэл, мэдээллийн байгууллагаас ирүүлсэн санал, ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг харгалзан хэвлэл мэдээллийн ажилтны нэр зааж олгоно” гэсэн  нэмэлт, өөрчлөлт оруулсан  53.2 заалтыг  “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага  эсэргүүцэж байна.


        Монгол Улсын Их Хурлын сэтгүүлчдэд  ялгавартай  хандсан дээрх шийдвэр нь сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийг зөрчөөд зогсохгүй хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийнхээ ажил үүргийг өөрсдөө зохицуулан хуваарилдаг дотоод хэрэгт  хөндлөнгөөс оролцож тухайн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөнд халдсан үйлдэл болсон байна.  Энэ нь сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, түгээх үйл явцад  цензур тавьж буй хэрэг бөгөөд ингэснээр аливаа хэлбэрийн цензурыг хориглосон Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн заалтыг ноцтой зөрчиж байгаагийн илрэл хэмээн үзэж байна.

        Энэ заалт нь  “Чөлөөт хэвлэлийн харти”-ийн “3-р зүйл. Засгийн газар нь улсынхаа мэдээллийн хэрэгслийн хандлага, эдийн засгийн байдал,эсхүл бусад хэлбэрээр ялгаварлан гадуурхах ёсгүй”,  НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай”  олон улсын Пактын XIX зүйл, ЮНЕСКО, Олон улсын сэтгүүлчдийн холбооны  Уэндхүегийн тунхаглалын “2-р зүйл. Хараат бус хэвлэл мэдээлэл гэж засгийн газар, улс төр, эдийн засгийн хувьд, мөн үйлдвэрлэл, түгээлттэй холбоотой материал, дэд бүтцээс хараат бус байхыг хэлнэ. 3-р зүйл. Олон ургальч хэвлэл мэдээлэл гэж  аливаа хэлбэрийн монополь алга болж, аль болох өргөн хүрээтэй санаа бодлыг илэрхийлдэг аль болох олон тооны сонин, сэтгүүл, тогтмол хэвлэлтэй байхыг хэлнэ” гэсэн  зарчмуудад үл нийцсэн шийдвэр юм.  

           Хэдхэн хоногийн өмнө ЮНЕСКО дэлхийн улс орнуудад хандан 2011 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Уэндхүегийн тунхаглалын  20  жилийн ойн хүрээнд тэмдэглэхийг  уриалсан бөгөөд  Уэндхүегийн тунхаглал нь 1991 оны 5 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн гол зарчмуудыг тунхагласан  чухал баримт бичиг юм.
 
            Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд ардчилал, хүний эрх, чөлөөт хэвлэлийн зарчим,  иргэд нь өөрсдөө сонгосон элч төлөөлөгчийнхөө үг, үйлдэлд хяналт тавих эрхийг дээдэлсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалаас ухарсан  шийдвэрээ өөрчилнө гэдэгт “Глоб Интернэшнл” ТББ итгэж байна.

            “Глоб Интернэшнл” 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрхийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. 

"Глоб Интернэшнл" ТББ

Утас: 324764, 324627 Факс: 315326
И-мэйл: hnaran@globeinter.org.mn 
Вэб сайт:  http://www.globeinter.org.mn


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189115 
 Энэ сард:13057 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.