“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас авлигыг хязгаарлахын тулд орон нутгийн засаг захиргааны ил тод байдлыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь” төслийн үйл явцыг танилцуулах дугуй ширээний ярилцлагыг Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын төвд 2010 оны 04-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтанд “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, төслийн туслах Ч.Энхбаяр, сумын 17 иргэн, төрийн 9 албан хаагч оролцов.
Ярилцлагын эхэнд "Глоб Интернэшнл" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал Гучин-Ус суманд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийгдсэн ажлын талаар танилцуулав.
Ярилцлагын үеэр Гучин-Ус сумын ЗДТГ, Нийгмийн халамжийн үйлчилгээ, сургуулийн “Үдийн цай ” хөтөлбөрийн “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ын хэрэгжилтийн мониторингийн тайланг мониторингийн багийнхан, “Орон нутгийн санаачилга ” ТББ-ын ажилтан М.Дуламсүрэн суманд хийсэн авлигын тандалтын судалгааны дүнг тус тус танилцууллаа.
Төслийн хугацаанд Сумын засаг даргын тамгын газар Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор баталсан Төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийн дагуу Мэдээллийн самбар, “Төрийн үйлчилгээ авахтай холбоотой бүрдүүлэх материалууд” самбар шинээр хийж, мөн ЗДТГ-ын албан хаагчдын өрөөний хаалган дээр нэр, албан тушаал, эрх үүрэг, холбоо барих утас зэргийг бичиж иргэдэд ил тод байрлуулсан байв.
 |
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага төслийн хүрээнд шинээр нээж өгсөн Гучин-ус сумын мэдээллийн http://www.guchin-us.mn/ вэб сайтаа танилцуулж домайн нэр, хостингийн үйлчилгээний жилийн турш ажиллуулах эрхийг сумын Засаг дарга Н.Данзанд хүлээлгэж өгөв. |
 |
Гучин-Ус сумын Гучин багийн засаг дарга Ц.Батдоржид ажлын хэрэгцээнд нь зориулж зөөврийн Асер компьютер, модем, нэг жилийн эрхийн хамт гардууллаа. |
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас иргэдэд зориулан гаргасан “Иргэний мэдэх эрх” гарын авлагаа сумын болон сургуулийн номын санд өгч, иргэд, төрийн албан хаагчдад тараав.