Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.05.03

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - Сэтгүүлчдэд ЭРХ ЧӨЛӨӨ!

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2011 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Сэтгүүлчдэд ЭРХ ЧӨЛӨӨ!  сэдвийн хүрээнд тэмдэглэн 2011 оны 05-р сарын 02-ны өдрийн 11.00-13.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд арга хэмжээ зохион байгууллаа. Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан арга хэмжээг “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын УЗ-ийн дарга Б.Галаарид нээсний дараа 2011 онд амь эрсэдсэн 66 сэтгүүлчийн дурсгалыг хүндэтгэв.

Энэ өдөр Монголын хэвлэлийн эрх чөлөөний 2010 оны тайлан болон  2009 онд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой шүүхээр шийдвэрлэсэн хэргийн талаарх судалгааны дүнг  тус тус танилцуулав.

Өнгөрсөн оны  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөс хойш Монголын мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх зүйн салбарт  бодлого, зохицуулалтын олон баримт бичиг, дүрэм журам батлагдаж, хуулийн төсөл боловсруулсанаараа онцлог боллоо.

Орчин үеийн мэдээллийн шинэ технологийн хөгжил, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн цахимжилт, шинэ хэвлэл мэдээллийн хурдацтай дэвшил, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо, ялангуяа өргөн нэвтрүүлгийн хэрэгслийн тоо нэмэгдэж буй зэрэг нь ийм хэрэгцээ шаардлагыг тодорхойлж байна.   2010 оны 12 сарын 31-ний байдлаар 188 хуульд мэдээллийн нээлттэй, ил тод байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүйг зохицуулсан зүйл, заалт оржээ.

2010 онд Монголын хэвлэл, мэдээллийн эрх зүйн салбарт зарим чухал баримт бичгүүд батлагдлаа. Үүнд 2010-2015 онд хэрэгжүүлэх  “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах Үндэсний хөтөлбөр” батлагдаж  шинэчлэн баталсан “Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д “Мэдээллийн аюулгүй байдал”-ыг хангах тусгай бүлэг болгон оруулсан байна.

Түүнчлэн Засгийн газар “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай”, “Цахим гарын үсгийн тухай” хуулийг УИХ-д өргөн барьснаас гадна төрийн 7 байгууллагад хуулийн 10 төсөл боловсруулагдаж байна.

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагад 2006 оноос эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчилд мониторинг хийж эхэлсэн бөгөөд 2010 онд “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагад сэтгүүлчдийн 30 гаруй зөрчил бүртгэгдсэн байна. Үүнд:
-  Эрүүгийн хэрэгт буруутгасан 5 
-  Иргэний хэрэг 5 
-  Ажлын багаж хэрэгсэл хураан авсан  2 
-  Айлган сүрдүүлсэн 10 
-  Нууц эх сурвалжаа илчлэхийг шаардсан 6 
-  Редакцийн цензур 2
Сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчлийн гэм буруутны 75 хувь нь  эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч байна.

Монгол Улсын хэмжээнд 2009 онд Иргэний 17 хэрэгт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусдын  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэмээн хариуцагчаар татагджээ. Үүнээс иргэний 13 хэрэг  Улаанбаатар хот, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Орхон аймагт тус тус нэг хэрэг  шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлохтой холбоотой зүйлээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой хэрэг 2009 онд шийдвэрлэгдээгүй байна.

2008 онд нэхэмжлэгчдийн 65 хувь нь эрх мэдэлтэн, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид байсан бол  2009 онд 73 хувь болж нэмэгдсэн. Нэхэмжлэлийн мөнгөн шаардлагын хэмжээ, шүүхээс ногдуулж буй  торгуулийн хэмжээ жил дараалан нэмэгдэж байгаа нь ХМХ-ийн санхүүгийн байдалд бодитой хохирол учруулж болзошгүй байна. Иймд нэхэмжлэгчид  хуулийн зүйл заалтыг эдийн засгийн бодитой цензур болгон ашиглаж байна гэж дүгнэхэд хүргэж байна.

2009 онд ялагдсан сэтгүүлч, ХМХ-ийн тоо нэмэгдсэн  байна. Энэ нь өнгөц харахад сэтгүүлч, ХМХ буруу ташаа мэдээлэл түгээж, бусдын нэр төрд халдсан мэт харагдавч, шүүх дээр сэтгүүлч, ХМХ ялагдаж буйд  нөлөөлж буй  бодит  хүчин зүйлүүд байж болох юм.

Нэгдүгээрт тухайн хэрэг маргаанд ялагдсан тал болох сэтгүүлч, ХМХ нь давж заалдах шүүхэд хандахгүй байгаа нь бичиж нийтлүүлсэн материалын үнэн зөв болохыг нотлох үүрэг нь тэдэнд ногдож байгаатай холбоотой байж болох юм. 
Хоёрдугаарт, хариуцагчаар татагдсан  17 сонины 11 нь  өмгөөлөгчгүй, эрхлэгч, албаны дарга, сэтгүүлч нь шүүх хуралд оролцсон нь тухайн асуудалд эрх зүйн мэдлэгтэй оролцох соёл дутагдаж байж болох юм.
Гуравдугаарт, хэвлэл мэдээллийн эрх зүйгээр мэргэшсэн хуульч, шүүгч, өмгөөлөгч дутмаг байгаа нь нөлөөлж байж болох юм.

Ялангуяа эрүүгийн хэрэгт авлига, зүй бус үйлдэл, нийгэмд бугшсан шударга бус явдлыг шүүмжлэн бичсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг яллахдаа тухайн нийтлэл, нэвтрүүлэгт дурьдагдсан асуудлыг шалгаж, нэр төрийг сэргээхийн оронд хэл зүйн шинжилгээ хийн дүгнэлт гаргаж шийдвэрлэж буй нь өрөөсгөл юм. Ер нь шүүх олон нийтийн бодит эрх ашгийг бус  нэхэмжлэгчийн эрх ашгийг дээдлэх үүднээс асуудалд хандан шийдвэр гаргаж байна гэж үзэж байна.

Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан “Сэтгүүлчдэд ЭРХ ЧӨЛӨӨ!” арга хэмжээнд  хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхлэгч, сэтгүүлчид оролцсоноос МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь, MN 25 суваг телевизийн сэтгүүлч А.Баатархуяг, сэтгүүлч Ч.Чулуунцэцэг, АТГ-ын ажилтан Б.Батзориг, ЮНЕСКО-ын ажилтан Б.Гарьд  нар үг хэллээ. 

Арга хэмжээний үеэр “Глоб Интернэшнл” ТББ   хэвлэлийн эрх чөлөөний “Үнэний төлөө”  2011 оны шагналыг “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаа, “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах албаны хамт олонд гардууллаа. 






Гэрэл зургийг http://globeinter.org.mn/?cmd=Gallery&action=ShowCategory&id=32&menuid=281


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160134 
 Энэ сард:15165 
 Өнөөдөр:79 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.