Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.05.24

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танаа

“Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч  До.Чулуунбаатарыг  цагдан хорьж байгаатай холбогдуулан  “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал  2011 оны 5-р сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид  албан захидал явууллаа. 

      “ГЛОБ ИНТЕРНЭШНЛ” ТББ

Улаанбаатар хот  Чингэлтэй дүүрэг VI хороо, Эрх чөлөөний талбай, Дипломат 95 цогцолбор, 70  тоот.
Утас: 324627, 324764 Факс: 315326
   E-mail: hnaran@globeinter.org.mn, globe@globeinter.org.mn, www.globeinter.org.mn 
 
2011 оны  05-р сарын 24 -ний өдөр                                   № 24                            Улаанбаатар  хот           

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танаа

“Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч
Долгорын Чулуунбаатарын
төлөө акцийн хүсэлт  хүргүүлэх тухай

“Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Азийн сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч (Asia Journalist Association),  МСНЭ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн Долгорын Чулуунбаатарыг  2011 оны 3-р сарын 24-нд цагдан хорьжээ. Түүнийг дөрөвдүгээр сарын долооны өдөр “2008 онд бусадтай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчилж авахдаа төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг  зөрчиж, НӨҮГ-ыг үрэгдүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн Эрүүгийн хуулийн 150-р зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтэй холбогдуулан  яллагдагчаар татсан байна. 

Д.Чулуунбаатар энэ хэрэгт өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байгаа билээ.  Түүнийг цагдан хорихдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68-р зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу “...хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах”-аас сэрэмжлэх зорилготой байсан гэдэг нь туйлын ойлгомжгүй, тодорхой бус байгаа юм. 

Ардчилсан нийгэмд хэн нэгэн албан тушаалтан, төрийн ажилтан, төрийн байгууллага өөрийн дур зоргоор хэвлэл мэдээлэлтэй холбоотой хэргийг шийдвэрлэдэггүй, үүнээс үүдэн гарах хохирол нь ХМХ-ийг дампуурах, үйл ажиллагааг нь зогсоох сөрөг нөлөөтэй тул үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, олон нийтийн мэдээлэлтэй байх бодит ашиг сонирхлын хэмжүүрийг заавал цэгнэн үздэг. Үүний эсрэг аливаа үйлдэл эдийн засгийн хүчтэй цензурын хэлбэр төдийгүй хэвлэлийн эрх чөлөөний ноцтой зөрчил гэдгийг анхаарч үзэх шаардлагатай байдаг. Гэтэл Д.Чулуунбаатарыг буруутгаж буй энэ хэргийн явцад хэн ч үүнийг тооцож үзсэнгүйд гүнээ харамсаж байна. 
       
Д.Чулуунбаатарын өмгөөлөгчид энэ хугацаанд түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг УМБГ, НПГ, шүүхэд хандан нийт 9 удаа тавьсан боловч өнөө хэр энэ асуудал шийдвэрлэгдээгүй байна. Түүнийг  батлан даалтад гаргахын тулд хамтран зүтгэгч, үзэг нэгт нөхөд удаа дараа шат шатны байгууллагад хандсаныг Та сонссон гэдэгт найдаж байна. 

Бидний хүчин чармайлтыг хүлээн авч, зүй ёсны шийдвэр гарахад нөлөөлнө гэсэн итгэл   найдвар өвөрлөн Ерөнхийлөгч танд хандахын учир нь:
                               
                               1. Ардчиллын түүхэнд онцгой тэмдэглэгдсэн Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар чуулганы үеэр Монгол телевизийн залуу сэтгүүлч Д.Чулуунбаатар ардын уламжлал, өв соёлыг сэргээх тухай товч хэлээд үлдсэн хугацаагаа Танд орхин үгээ хэлэх боломж олгож байсныг би тод санаж байна.  Та бодвол бүр ч илүү тод санаж байгаа байх.

Өөрчлөл шинэчлэлт, ардчиллын эхэн үед тэрээр телевизийн “Хүмүүс“ цуврал хөргөөрөө С.Данзан,  Ч.Чагдаржав, Г.Амар, С.Гэндэн, эрдэмтэн С.Шагж, Зава Дамдин Ц.Дамдинсүрэн зэрэг  эх орны сор болсон сэхээтнүүдийн  гашуун, эмгэнэлт хэлмэгдлийн түүхэн үнэнийг дэлгэж, гэгээн дурсгалыг нь мөнхөлж, сэтгэлийн зул өргөсөн юм.  Ард түмнийхээ шилдэг хөвгүүдийг нэхэн дурсаж, оюун ухаанаа ширгээн үг шигтгэн урлаж суухдаа тэрбээр хожмын өдөр өөрөө ийнхүү хэлмэгдэн золиослогдох юм хэмээн зүүдлээ ч үгүй нь мэдээж. Уран бүтээлчийн эмзэглэл, шаналлыг өөр бусад нь ойлгохгүй байж мэднэ. Харин Та бол сэтгүүлч учраас сэтгэл зүрхээрээ ойлгож мэдэрнэ.

                              2. Д.Чулуунбаатар нь өөрийн ухамсарт амьдралын 30 гаруй жилийг монголын сэтгүүл зүй, чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх үйлсэд зориулсан, Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэрт сэтгүүлч, зүтгэлтэн, сэтгүүл зүйн багш,  мөн 10 гаруй ном зохиол туурвиж, олны хүртээл болгосон  авъяаслаг зохиолч юм. 

Түүний “Үүлэн чөлөөний нар буюу Хүн хүний тухай дууль”, “Нар буцаагүй говь”, “Адуутай бол дуутай”, “Соёмбо буюу өөрөө тодорсон гэгээ” зэрэг олон арван шилдэг нэвтрүүлэг нь тансаг монгол хэл, найруулга зүй, сэтгүүл зүйн бичлэгийн тод содон өнгө аясаараа телевизийн төдийгүй монголын сэтгүүл зүйд шинэ урсгал, шинэ уур амьсгал авчирч, сэтгүүл зүйн төрөл зүйлийг баяжуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Тэрээр телевизийн нэвтрүүлэг, баримтат кино, сүүлийн үед мэргэшиж буй намтар бүтээлээрээ ямагт хүний дотоод ертөнцийн чанад дахь нууцад  нэвтэрч, гүн ухааныг нь ойлгон ухаарах гэсэн гэгээн тэмүүлэл тээж, үүгээрээ утга зохиол, нийгмийн сэтгэлгээ, хүн судлалд  жинтэй хувь нэмэр  оруулж яваа том уран бүтээлч юм. Үүнийг өөр бусад нь үл тоомсорлож байж мэднэ. Харин Та бол үүнийг үгүйсгэж үл чадна. 

                               3. Д.Чулуунбаатар Монгол Улс, Ази тивийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөг баталгаа-жуулах, сэтгүүлчдийн эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэгч, нийгмийн зүтгэлтэн билээ. 

Тэрээр  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн анхны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2005 онд “Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим”-ыг батлахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Ёс зүйн зарчмын “Итгэл олж авсан мэдээллийнхээ эх сурвалжийг чандлан нууцална” хэмээх заалт нь улс төрч, албан тушаалтныг шүүмжилсэний төлөө цагдаа, шүүхэд дуудагдан, айлган сүрдүүлэлт, дарамтад өртдөг  сэтгүүлчдийн хувьд мэргэжлийн хамгаалалт болсоор ирсэн юм.  Хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Та л бусдаас илүү энэ заалтын ач холбогдлыг ухаж ойлгоно. 

                                4. Байцаалтын үеэр байнга “Таны ард хэн байгаа вэ?” гэж асуух, мөн өмгөөлөгчгүйгээр түүнтэй уулзсан мөрдөн байцаагчид “Таны ард хэн байгааг хэлчих. Та нас ахиж байгаа, эрүүл мэнд муутай ингэж байгаад өөрөө л хохирно” гэх зэргээр авирладаг ажээ.

Ингэснээрээ тэд Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 14 дэх хэсэгт “ ...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шаардах”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92-р зүйлийн 92.4 дэх хэсгийн “... тайлбар дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хууль бус арга хэрэглэхийг хориглох”, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “Баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдэд ...сэтгэл санааны дарамт учруулахыг хориглох” заалтуудыг тус тус зөрчиж байгаа нь бидний тэмүүлж буй нээлттэй, ардчилсан, шудрага нийгмийн зарчимд харш гэдгийг мөрдөн байцаагчид ухаараагүй бололтой. Харин ардчиллын төлөө амьдралаа зориулсан Та үүнийг сайн мэднэ. 

                             5. Түүнийг эмчилж байсан “Шагдарсүрэн” эмнэлэг  2011 оны 4-р сарын 2-ны өдөр түүнд “нарийн мэргэжлийн эмнэлгийн газар хэвтүүлж, оношийг нарийвчлан гаргаж, эмчилгээ хийлгэхгүй өвчин даамжирвал өвчтөний амь насанд аюул учруулж болох үндэслэлтэй”, 4-р сарын 27-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг “Хоригдох хугацаанд тус эмнэлгийн дотрын тасагт нэг удаа хэвтэж эмчлүүлсэн”, мөн “нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай” тухай эрүүл мэндийн тодорхойлолт гаргасан байна.

Иргэнийхээ эрүүл мэндээр золиосолж болохгүйг хууль сахиулагчид дутуу ухаарсан байж мэднэ. Харин Та бол ингэх нь хүмүүнлэг нийгмийн зарчимд харш гэдгийг илүү мэднэ.

                            6. 2011 оны 5-р сарын 4-ний өдрийн Нийслэлийн өмч хувьчлалын комиссын хурлаар “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ын менежментийн гэрээний комиссын 2008 оны 75 тоот тогтоолоор баталсан өмч хувьчлалын үр дүнг гэнэт ухаан орсон мэт яаравчлан хэлэлцэж, менежментийн багийн хувьчлалыг хүчингүй болгосон нь гайхал төрүүлж байна.

Хэдийгээр нийслэл өмчдөө хайртай, эзэнгүйдэж, үрэгдэж шамшигдахад санаа тавих нь зүйн хэрэг боловч тухайн сонины байдал ямар байгааг тэд огт мэдээгүй өдий хүрсэн гэдэг нь ч итгэл төрүүлэхгүй байгаа юм.  Хотын удирдлага хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг нүдэн дээр нь нурааж байхад юу хийж суусан нь гайхалтай. Энэ нь менежментийн баг, 2008 оны 9-р сарын 12-нд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний хариуцлагыг эрх чөлөө нь хязгаарлагдмал байгааг далимдуулан ганцхан хүнд үүрүүлэн, хэргийг зөвхөн Д.Чулуунбаатарт тохох санаархал байж ч болзошгүй юм. Өөр бусад хүнд энэ хэвийн санагдаж болох юм. Харин энэ бол шударга бус гэдгийг Та л мэднэ. 

                             7. Нийслэлийн удирдлага 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхдээ юуны өмнө тухайн сонины 80 жилийн түүх, уламжлал, бахархал, уншигчдын хэрэгцээг илүүд үзэн, редакцийн тогтвортой үйл ажиллагааг хангах, чөлөөт, хараат бус хэвлэлийн зарчмуудыг хүндэтгэх үүднээс хандах ёстой байсан.

Гэтэл өнгөрсөн хугацаанд үүнд огт санаа тавиагүй нь хэвлэлийн эрх чөлөөг хангахад бус, харин сонины ашигтай байрлал, газарт санаархсан хөрөнгө оруулагчдыг өөгшүүлэх, дураараа авирлах боломж олгон тэдний эрх ашигт үйлчилсэн хариуцлагаа сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэж буй редакцийн хамт олонд үүрүүлэн бухах гэсэн ёс зүйгүй явдал гэж  үзэж байна. Энэ хэргийн явцад мөрдөн байцаах газар, прокурор, шүүх, Улаанбаатар хотын захиргаа ч тухайн сонинд ажиллаж буй сэтгүүлчдийн хөдөлмөрлөх, мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх  боломж, нөхцөл, хэвлэл мэдээллийн жижиг зах зээл дээр оршин тогтнохын төлөөх ширүүн өрсөлдөөн, цаашилбал уншигчдын хэрэгцээ шаардлага зэрэг чөлөөт хэвлэлийн үйл ажиллагаанд бэрхшээл учруулж буй хүчин зүйлүүдийг тооцож үзсэнгүй. 

Шударга ёс бус харин бурангуй ёс ялан дийлэх нь дийлэнх болж гажсан өнөөгийн нийгмийн  шинэтгэлийг эхлүүлж, ардчиллыг улам гүнзгийрүүлэн хөгжүүлж  чадна гэдэгт тань итгэн саналаа Танд өгсөн мянга мянган сонгогчдын нэг нь би билээ. Хүн итгэсэн хүндээ ханддаг. Зөв, буруугаа ялгахаа больж, самуурсан зарим эрх мэдэлтэн, түшмэдийн золиос нь сэтгүүлч, редакци  байж болохгүй. Цалингүй сэтгүүлчдийг орлоготой болгож, татвар, нийг-мийн даатгалын өрийг нь дарж, редакцийг нь редакц шиг болгохын төлөө зүтгэсний төлөө гэмт хэрэгтэн болдог нь шударга ёсны  зарчим биш гэдгийг Монголын цагдаа, прокурор, шүүх хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүртлээ бойжоогүй байж мэднэ. Харин та бол үүнийг хүлээн зөвшөөрөх төдийгүй ардчиллын амин сүнс болох хэвлэлийн эрх чөлөөг бусдаас илүү дээдэлдэг. 

“Улс Монгол минь үе үеийнхний бүтээл гэдэг. Он жил өршөөлгүй, өвгөд маань өчигдрийн тухай өнөөдөр л ярина. Маргааш ярихгүй. Гэрэлтэйг нь гэрэлтэйгээр нь, сүүдэртэйг нь сүүдэртэйгээр нь ялгаж харах билгийн нүд бидэнд дутаагүй. Сэтгэл л дутсан байж мэднэ” хэмээн Д.Чулуунбаатар нэгэнтээ бичиж билээ.  Хэн нэгэн хэдийд ч юм хэлмэгдсэн Д.Чулуунбаатарын тухай нэхэн бичих хэрэг гарвал түүхэн үнэн нь Ерөнхийлөгч Таны үед тохиосон гэвэл  хожуудсан харуусал болох вий гэхээс эмээнэ.

2011 оны тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 3-ны өдрүүдэд Ливаны нийслэл Бейрут хотноо Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын сүлжээ (IFEX)-ний 17 дахь ээлжит их хурал болох гэж байна.  Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө тэмцэгч Олон улсын сэтгүүлчдийн холбоо (IFJ), Фрийдом Хаус (Freedom House), Сэтгүүлчдийг хамгаалах хороо (Committee To Protect Journalists), Хил хязгааргүй сэтгүүлчид (Reporters without Borders), Дэлхийн сонины холбоо (WAN) зэрэг олон улсын нэр хүнд бүхий байгууллага, мөн дэлхийн 90 шахам орны байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн, Канадын Торонто хотноо байрладаг олон улсын байгууллага юм. Миний бие хуралд оролцохоор энэ сарын 27-ны өдөр ниснэ. Манай байгууллага 2005 онд энэ байгууллагын гишүүн болсон бөгөөд үүнээс гадна Форум Ази, Интерньюс Интернэшнл, Хэвлэл мэдээллийн хөгжлийн төлөө форумын гишүүн билээ. 

Миний бие дээрх  хурлын үеэр Д. Чулуунбаатартай холбоотой гэх энэ хэрэгт дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, хэвлэл мэдээллийн жижиг зах зээл дээрх өндөр, ширүүн өрсөлдөөнд амьд үлдэхийн төлөө болохоосоо болохгүйгээ хүртэл тэмцэж өдий хүрсэн жижиг сониныг монголын эрх баригчид хэрхэн улс төрийн зорилго, сэдэлтээр дампууруулж, эрхлэгчийг нь хилсээр шийтгэх гэж буй тухай  мэдэгдэл хийхээр төлөвлөж байна.  Бидний шийдвэрийг буруу ойлгохгүй гэдэгт найдаж байна. Энэ бол 2011 оны тавдугаар сарын 9-нд манай байгууллагаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр нийтэд танилцуулсан Мэдэгдэлд дурдсаны дагуу Д.Чулуунбаатарын төлөө тууштэй дэмжихээ амалсан иргэний нийгмийн байгууллагын дараагийн алхам юм.

Миний захидалд нааштай хариу ирнэ хэмээн итгэж байна.

Таныг гүнээ хүндэтгэн ёсолсон “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189057 
 Энэ сард:12999 
 Өнөөдөр:36 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.