“Глоб Интернэшнл” ТББ ЮНЕСКО, “Оюу толгой” ХХК, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2011 оны 9-р сараас 12-р сарыг дуустал дөрвөн сарын хугацаанд “Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн зорилго:
Эрэн сурвалжлах сэтгүүлч, сэтгүүл зүйн багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх
Төслийн зорилт:
• Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэсний сургагч багш бэлтгэх сургалт явуулна.
• Үндэсний сургагч багш нар орон нутгийн болон нийслэлийн сэтгүүлчдэд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр мэдлэг олгох сургалт зохион байгуулна.
• Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн цахим сүлжээ бий болгоно.
Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
Сургагч багш нарын сургалт
Олон улсын сургагч багш ЮНЕСКО-оос эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулан гаргасан “Таамагт суурилсан судалгаа” гарын авлагад үндэслэн сургагч багш нар бэлтгэх гурван өдрийн сургалт зохион байгуулна. Сургалтанд их, дээд сургуулиудын сэтгүүл зүйн багш нар, сургагч багш болох сонирхолтой сэтгүүлчид зэрэг 20 гаруй хүн хамруулна.
Сургалтын үеэр эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж юу вэ, нийтлэлээ хэрхэн сонгох, эх сурвалжтай ажиллах, баримт цэгцлэх, нийтлэл бичих, мөн нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл /social media/ ашиглан эх сурвалж олох, баримтуудыг давхар шалгах, эрэн сурвалжлах нийтлэл түгээх талаар мэдлэг олгоно.
Сэтгүүлчдэд зориулсан сургалт
Сургагч багш бэлтгэх сургалтанд хамрагдсан үндэсний сургагч багш нар орон нутгийн болон Улаанбаатар хотын сэтгүүлчдэд хоёр удаагийн сургалт зохион байгуулна. Сургалтанд оролцох сэтгүүлчдийг эзэмшсэн мэдлэг чадвар, цаашид эрэн сурвалжлах нийтлэл бичих эрмэлзэлтэй эсэхийг харгалзан “Глоб Интернэшнл” ТББ сонгон шалгаруулна.
Цахим боловсрол
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага эрэн сурвалжлах сэтгүүл зүйн боловсрол олгох цахим булан, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн цахим сүлжээ бий болгоно.
- Аудио гарын авлага
Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан “Таамагт суурилсан судалгаа” гарын авлагад түшиглэн аудио гарын авлагыг 200 хувь бэлтгэн сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулийн багш нар болон сэтгүүлчдэд хүргэнэ.
- Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн цахим сүлжээ
Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн цахим сүлжээг Facebook, Twitter, Youtube, Blog зэрэг нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд /social media/-ийг ашиглан бий болгоно. Ингэснээр сэтгүүлчид мэдлэг туршлагаа хуваалцах, мэдээллийн эх сурвалж олоход бие биенээ дэмжих, олж авсан баримтуудаа давхар шалгах, эрэн сурвалжлах нийтлэлээ түгээхэд дэмжлэг үзүүлнэ.