Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2012.02.29

"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн тухай

"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль УИХ-ын чуулганы  2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн  нэгдсэн  хуралдаанаар батлагдаж  12 дугаар сарын 01-ний өдрөөс бүрэн хэрэгжиж эхэлсэн.  

6 бүлэг, 25 зүйл бүхий энэ  хууль

  • Төрийн байгууллагуудад мэдээллээ нээлттэй байх үүрэг ногдуулж
  • Иргэн, хуулийн этгээд төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан юм.

Асуулт: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулиар төрийн  ямар байгууллагуудын мэдээлэл нээлттэй, ил тод болох вэ?

Хариулт: Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг дараах байгууллагад хамаарна. Үүнд:

  • Улсын Их Хурлын Тамгын газар;
  • Ерөнхийлөгчийн Тамгын газар;
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба;
  • төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага;
  • бүх шатны шүүх, прокурорын байгууллага;
  • Улсын Их Хурлаас байгуулдаг /Засгийн газраас бусад/ байгууллага;
  • нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
  • төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага;
  • Олон нийтийн радио, телевизийн байгууллага.

Асуулт: Хуульд заасан төрийн байгууллагуудад ямар мэдээллийг ил тод байлгах үүрэг ногдуулсан бэ?

Хариулт:
  Хуулийн 6-р зүйлд төрийн байгууллагад дараах дөрвөн төрлийн мэдээллийг нээлттэй болгохыг үүрэг болгосон байна. Үүнд:

- үйл ажиллагаа
- хүний нөөц
- төсөв, санхүү
- төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа

Хуулийн 7, 8, 9, 10 дугаарт зүйлд дээрх төрлийн мэдээллийн ил тод байдлыг хангахад авах арга хэмжээнүүдийг тус бүрд нь дэлгэрэнгүй заасан байна.  Тухайлбал:

Үйл ажиллагааны ил тод байдлыг (зүйл 7.1)
хангах чиглэлээр дараах мэдээллийг  цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчилж байхыг үүрэг болгожээ.
          - эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтэц
          - үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь
          - үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалт
          - үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар
          - шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл
          - төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн төрийн бус байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл
          - тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацаа
          - салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээлэл

Асуулт: Төрийн  байгууллагууд дээрх мэдээллүүдийг олон нийтэд  нээлттэй, ил тод байлгах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон бэ? 

Хариулт: Төрийн байгууллагуудын нээлттэй, ил тод болгох мэдээллүүдийг  тухайн байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчилж байхыг үүрэг болгосон.

Мэдээлэл нь олон нийтийг мэдээлэлтэй танилцах нөхцөл бүрэн хангагдсан байх бөгөөд тухайн мэдээллийг 14 хоног тутам нэгээс доошгүй удаа шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт орсон, эсхүл мэдээлэл бүхэлдээ өөрчлөгдсөн тохиолдолд уг мэдээллийг 3 хоногийн дотор шинэчилж байхыг үүрэг болгосон байна.

Асуулт: Иргэд төрийн байгууллагаас ямар мэдээлэл авах эрхтэй вэ?

Хариулт:  Энэ хуулийн 3.1-д заасан байгууллагуудаас дараах мэдээллийг авах эрхтэй. Үүнд:

- Тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээлэл
-  Тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл
-  Тухай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл

Асуулт: Мэдээлэл авах тухай хүсэлтээ хэрхэн гаргах вэ?

Хариулт: Иргэд төрийн байгууллагаас мэдээлэл авах хүсэлт гаргахдаа:
                  - эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр,
                  - оршин суугаа газрын буюу цахим шуудангийн хаяг, утасны дугаар,
                  - иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичиж, гарын үсэг зурсан байна.

Харин хуулийн этгээд:
                 - нэр, хаяг буюу цахим шуудангийн хаяг, 
                 - улсын бүртгэлийн дугаараа бичиж, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн  гарын үсэг

Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч байгаа албан тушаалтан иргэнд энэ хуульд зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно (11.2).

Асуулт: Мэдээлэл хүсэгч ямар эрхтэй вэ?

Хариулт: Хуулийн 12.1 зүйлд төрийн байгууллагаас мэдээлэл авахыг хүсэж буй иргэн, хуулийн этгээд дараах эрхтэй. 
                     -  Эрх тэгш байх
                     -  Мэдээлэл авах хэлбэрээ сонгох
                     -  Мэдээлэл авах шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүй байх
                     -  Нэмэлт  лавлагаа авах
                     -  Агуулгын талаар амаар тайлбарлуулах
                     -  Албан ёсны эх сурвалжийг мэдэх
                     -  Мэдээлэл авах эрх зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах
                     -  Хуульд заасан бусад эрх

Асуулт: Тухайн мэдээлэл  авах хүсэлт гаргахдаа шалтгаанаа тайлбарлах ёстой юv?

Хариулт: Тайлбарлах албагүй. Харин хуулийн 12.2 зүйлд зааснаар 
                    - хуульд заасан мэдээлэл авах журмыг биелүүлэх;
                    - Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
                    - авах мэдээллээ бодитой тодорхойлсон байх үүрэг хүлээнэ.

Асуулт: Төрийн байгууллагаас мэдээлэл авахыг хүссэн иргэдийн хүсэлтийг ямар тохиолдолд буцаах вэ? 

Хариулт:  Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авсан албан тушаалтан дараах 2 тохиолдолд буцааж болно.

- 11.3-д заасан шаардлага буюу эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын буюу цахим шуудангийн хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичиж, гарын үсэг зурсан байх шаардлагыг хангаагүй бол

- Хүссэн мэдээлэл тухайн байгууллагын эзэмшилд байхгүй, хүсэлтийг өөр байгууллагад шилжүүлэх боломжгүй бол хүсэлтийг буцаана.

Асуулт: Төрийн байгууллагаас өгч буй мэдээлэл төлбөртэй юү?

Хариулт: Үйлчилгээний хөлс төлнө(16.1). Үйлчилгээний хөлс нь уг мэдээллийг өгөхтэй холбогдон гарах хувилах, шуудангаар хүргүүлэх зэрэг шууд зардлаас хэтэрч болохгүй бөгөөд хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээний хөлстэй давхардуулан авахгүй. Засгийн газраас баталсан үйлчилгээний хөлс тооцох аргачлал, үйлчилгээний хөлс төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг үндэслэн  тухайн байгууллагын удирдлага үйлчилгээний хөлсний хэмжээг тогтооно.

Асуулт: Иргэн төрийн  байгууллагаас мэдээлэл авахдаа ямар  хэлбэрээр авах вэ?

Хариулт: Мэдээлэл хүсэгч нь мэдээлэл авах хэлбэрээ сонгох эрхтэй. Хүссэн мэдээллээ амаар, бичгээр, цахим хэлбэрээр авч болно. Мөн мэдээлэлтэй биечлэн танилцаж болно.

Асуулт: Мэдээлэл авах хүсэлтэнд ямар хугацаанд хариу өгөх вэ?

Хариулт: Хариуг шууд өгөх боломжтой хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж хариуг өгнө. Хуульд өөрөөр заагаагүй бол ажлын 7 өдрийн дотор өгнө. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг нэг удаа 7 хоногоор  сунгаж болно.

Асуулт: Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтны талаар гомдол хэрхэн гаргах вэ? Ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Хариулт: Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтны талаар
                 - Дээд шатны байгууллага
                 - Албан тушаалтан
                 - Хүний эрхийн комисс
                 - Шүүхэд  гомдол гаргаж болно.

Мэдээлэл өгөөгүй төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна. Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг гурав буюу түүнээс дээш удаа зөрчсөн, мөн  хууль бусаар мэдээллийг нуун дарагдуулах, мэдээ, баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах, устгах болон иргэний мэдээлэл авах эрхийг бусад хэлбэрээр зөрчсөн нь төр, иргэн, аж ахуйн нэгж, бусад байгууллагад их хэмжээний хохирол учруулсан буюу учруулж болох байсан нөхцөлд албан хаагчийг эрх бүхий этгээд төрийн албанаас хална.

Харин шийдвэр гаргах эрх бүхий этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Асуулт: Хуулиар төрийн байгууллагуудад ямар мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод байлгахыг хориглосон бэ?

Хариулт:  Хуулийн 4 дүгээр бүлэгт зарим төрлийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөхийг хориглосон. Үүнд:

-  Үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт хохирол учруулах бодит үндэслэл
-  Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, өрсөлдөөний болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шалгагдаж буй асуудалтай холбоотой бол
-  Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай бол
-  Олон улсын гэрээ хэлэлцээр, байгуулах явцтай холбоотой бол
-  Хууль тогтоомжид заасан бусад  
-  Оюуны өмчтэй холбоотой мэдээллийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр задлах
-  Хувь хүн бичгээр зөвшөөрсөнөөс бусад тохиолдолд түүний нэр, нас, хүйс, мэргэжил, боловсрол, албан тушаал, ажлын газрын хаяг, ажлын утаснаас бусад мэдээллийг бусдад задруулах
-  Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор нууцалж, хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжтэй холбоотой мэдээллийг эрх бүхий этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийг бүрэн эхээр нь энд дарж татаж авч болно.

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173161 
 Энэ сард:14180 
 Өнөөдөр:18 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.