Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2008.07.04

Х.Наранжаргал: Төр редакцийн халдашгүй байдалд халдаж сэтгүүлчдэд хүчээр шахалт үзүүлж байна

2008-07-03
 - ОНРТ-ээс бусад радио, телевизийн үйл ажиллагааг зогсоочихлоо. Хэдийгээр онц байдал зарлаад байгаа ч үүнд хууль зүйн үндэслэл хангалттай бий юу? 
 - Манай Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн хоёрт үүнтэй холбогдсон нэг заалт бий. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно гэж заалт байгаа юм. Мөн Онц байдлын тухай хуульд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох, эсвэл онц байдлыг цуцлах хүртэл үйл ажиллагааг нь хориглож болно гээд заачихсан. Гэхдээ энэ чинь аль 1995 оны хууль шүү дээ. Тэгэхээр энэ хоёр хуулийн заалтаар авч үзвэл онц байдлын үед хүний салшгүй эрхээс бусдыг хязгаарлаж болно гэсэн хуулийн үндэслэл гарч ирж байгаа.

Дээр нь НҮБ-ын анхдугаар чуулганы 59 дүгээр тогтоол гэж бий. Энэ тогтоолд үзэл бодлоо илэрхийлэх нь хүний язгуур эрх бөгөөд энэ нь НҮБ-аас эрхэмлэдэг хүний бусад эрхийн үндсэн хэмжүүр мөн гэж заасан байгаа. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд үзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн эрх чөлөөг хязгаарлаж болно, гэхдээ үүнийг хуулиар тогтооно гэж заасан байгаа. Энэ бүхнээс харахад мэдээллийн эрх чөлөөг тухайн нөхцөлд тодорхой хэмжээгээр хязгаарлаж болно гэсэн хууль зүйн үндэслэл харагдаж байгаа боловч манайд өнөөдөр Онц байдлын тухай хуулийг хэтрүүлээд хэрэглэчихлээ гэж би хувьдаа бодож байна.

Хүний итгэл үнэмшил болоод үзэл бодлоо илэрхийлэх энэ хоёр бол хоорондоо салшгүй холбоотой шүү дээ. Одоо нэгэнт хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд Засгийн газар хяналтаа тогтоочихсон байгаа юм чинь өөрийн хүссэн мэдээллийг л ОНРТ-ээр дамжуулан цацна. Энэ бол нэг талаас иргэдийг мэдээлэл авах эрхийг нь хааж байгаа хэрэг.  Нөгөөтэйгүүр, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчийг төр өөрийн мэдэлд хүчээр шахалт үзүүлэн мэдээлэл бэлтгүүлэн нийтэд хүргэж байгаа хэрэг. Энэ бол хэвлэл мэдээллийн эрх чөлөөг маш ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Өнөөдөр зөвхөн Засгийн газрын эрх ашигт нийцсэн мэдээллийг л олон нийт авах болж байна шүү дээ. 
 
 - Бусад улс оронд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг ийм онцгой нөхцөл байдалтай хэрхэн нийцүүлдэг юм бол. Яг манайх шиг улайм цайм хааж боосон "туршлага" бий болов уу? 
 - Хэдэн жилийн өмнө Киргизид алтан зулын хувьсгал гэж гарсан юм. Тэгэхэд Киргизийн эрх баригчид мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг шууд зогсоож байсан. Өнөөдөр манайд үүнтэй адил үйл ажиллагаа явагдаж байна.

Ардчилсан орнуудад бол онц бөгөөд дайны байдлын үед олон нийтийн радио, телевизээ түлхүү ажиллуулдаг л даа. Ер нь хаана ч редакцийн халдашгүй байдал гэж маш том юм бий. Хаана ч ямар ч нөхцөл байдалд редакцийн халдашгүй байдалд халдах нь хууль бус үзэгдэл. Гэтэл манайд төрөөс редакцийн халдашгүй байдалд халдаж мэдээлэлд хатуу цензур тогтоож байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн маш том зөрчил. 
 
 Ардчилсан нийгэмд хүн үнэн зөв мэдээллийг л авах эрхтэй болохоос хэн нэгний гажуудуулсан мэдээллийг авах ёсгүй. 
 
 - Сүүлийн хоёр хоногт болсон шиг ийм мөргөлдөөн Монголд урьд өмнө гарч байгаагүй ийм нөхцөл байдалд ажиллаж байсан туршлага манайханд байхгүй. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо хэрхэн ажиллах ёстой вэ?
 
 - Яахав, өмнө нь жагсаал цуглааны үед сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан тохиолдол нэг бус тохиолдсоон. Тэр тохиолдол бүрт сэтгүүлчид хохироод л үлдэж байсан. Ялангуяа өнөөдрийнх шиг нөхцөлд сэтгүүлчид өөрийн мэргэжлийн эрхээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт туршлага ч, мэдлэг ч дутмаг байгаа.

Саяын үймээний үеэр сэтгүүлчид халдлагад хэр өртсөн эсэхийг энэ өдрүүдэд бид байнга сураглаж судалж байна. "Өнөөдөр" сонины гэрэл зургийн сурвалжлагч Б.Бямба-Очир, "ММ" агентлагийн сурвалжлагч Х.Эрдэнэбулган нар тархи нь хагарсан, гэмтэл бэртэл авсан байна лээ. Мөн  цагдаа нарын ашигласан нулимс асгаруулагч хийд хордон тухайн үед ухаан алдаж унасан, жижиг гэмтэл авсан сэтгүүлчид байгаа.

Сая харж байхад манай бүх сэтгүүлчид ямар ч хамгаалалтгүй л ажиллалаа. Ядаж хантааз өмссөн сэтгүүлч нэг ч байсангүй. Сэтгүүлч гэдгийг нь ялгах ямар ч хувцас, онцгой таних тэмдэггүй байж байна. Миний үзэж байгаагаар, хамгийн нэгдүгээрт, редакцийн зүгээс сэтгүүлчдийнхээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Ийм үед аюулгүй байдлаа яаж хангаж ажиллах вэ гэдэг талаар заавар зөвлөмж өгч байх ёстой. Ихэнх телевиз байдал эвгүй болонгуут сэтгүүлчдээ татаад авчихна лээ. Сэтгүүлчдээ хамгаалж байгаа нь сайн хэрэг. Гэтэл нийгэм үнэн зөв мэдээллийг авах ёстой шүү дээ. 
 
 - Үймээний явц, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын мэдэгдэл, цагдаа нарын ажиллагаа энэ бүгд эхнээсээ л ард түмний эсрэг болох нь шууд харагдаж байсан л даа. Ялангуяа Ерөнхийлөгчийг мэдэгдэл хийсний дараа хүмүүсийн сэтгэл маш их түгшсэн? 
 - Би нэг л юмыг ойлгож байна. Ийм онц байдал бий болчихоод байгаа нөхцөлд төр хамгийн түрүүнд иргэнээ л хамгаалах ёстой гэдгийг. Ийм үед үр дагаврыг нь урьдчилан тооцоолох аргагүй л дээ. Гэхдээ төр ийм юм болж болзошгүй гэдгийг урьдаас олоод харчихсан л байх ёстой байхгүй юу. Монголчууд бид ямар олон юмыг чаддаггүй юм бэ гэдэг нь энэ явдлаас тод харагдлаа. Хямрал иймдээ тулчихаад байхад улс төрийн намууд иргэд, эх орныхоо эрх ашгийн үүднээс хандах ёстой байтал тэгсэнгүй. Зөвхөн намынхаа эрх ашгийн үүднээс хандаж байгаа нь харагдлаа. Уг нь тэр цагдаа нар иргэдээ хамгаалах үүрэгтэй л тэнд зогч байгаа шүү дээ. Гэтэл чадваргүй гэдгээ харууллаа. Цагдаад, Онцгой байдлынханд ямар ч тактик алга. Тэр ч бүү хэл Засгийн газарт ямар ч байр суурь алга гэдэг нь тодорхой харагдлаа шүү дээ. Дээрээс нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрийнхөө чанар чансааг ч ямар вэ гэдгээ үндсэндээ шалгуулчихлаа. Их олон юман дээр бидэнд бэлтгэл, чадвар аль аль нь байдаггүй юм байна.  
 
-Энэ байдлыг далимдуулаад төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг шууд хорьж болзошгүй гэсэн түгшүүр төрж байна. Цаашид яах бол? 
 -Яг амыг нь барих гэж байна гэж би нотолж чадахгүй. Учир нь надад одоо баримт алга. Бид байдлыг ажиглаж л байна. Гэхдээ төр ямар ч үед ганцхан иргэдийнхээ бүх эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө зогсох ёстой гэдгийг л мэдэж байна. 
 
http://www.dailynews.mn/?vfile=30&vmet_id=237&vmet_main=237 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171058 
 Энэ сард:15439 
 Өнөөдөр:43 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.