Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2012.05.04

УИХ-ын 2012 оны сонгуульд мониторинг, ажиглалт хийх төрийн бус байгууллагууд ёс зүйн дүрмээ баталж хяналтаа эхэллээ

2008 онд байгуулсан “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ  Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн үйл явцад хийх мониторингоо албан ёсоор эхэлж байгаагаа зарлалаа. 

2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр ННФ-ын хурлын танхимд сүлжээний гүшүүн байгууллагууд улс төрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ЁС ЗҮЙН ДҮРЭМ-ээ чанд сахин ажиллахаа  дахин баталгаажуулж гарын үсэг зурах ёслол болов.

Ёслолын ажиллагаанд  Нээлттэй Нийгэм Форумын  гүйцэтгэх захирал  П.Эрдэнэжаргал,  “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн  Х.Наранжаргал,  Сонгогчдын боловсрол төвийн  гүйцэтгэх захирал  С.Оюунтуяа,  Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд ТББ-ын ерөнхий зохицуулагч  Б.Золзаяа, Филантропи хөгжлийн төлөө төвийн тэргүүн Ч.Мөнхцэцэг,  Мидас ТББ-ын  М.Ариунцэцэг,  Хүний эрх хөгжил  ТББ-ын  гүйцэтгэх захирал  Д.Амаржаргал нар оролцож гарын  үсэг зурлаа.

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн байгууллагууд Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд таван чиглэлээр мониторинг хийх юм. Тухайлбал:

- Cонгуулийн саналын хуудсыг хэвлэх, хадгалах, хамгаалах, хүргүүлэх, архивлах үйл явц
- Cонгогчдын нэрийн жагсаалт
- Хэвлэл мэдээллийн мониторинг
- Сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг
- Сонгуулийн өдрийн ажиглалт 

Хяналтын явцын үр дүнг сонгуулийн кампанит ажлын үеэр олон нийтэд байнга тайлагнах бөгөөд эцсийн тайланг сонгуулийн дараа нийтэд хүргэх юм. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ өмнө нь УИХ-ын 2008 оны сонгууль болон Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилготой хэд хэдэн удаагийн мониторингийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.

УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөх жилүүдийнхээс ялгагдах нэг гол  онцлог нь УИХ-ын Сонгуулийн тухай шинэ хуульд нэмэгдсэн 9.5 дахь заалтын дагуу төрийн бус байгууллагууд сонгуулийн ил тод байдлыг хангахад оролцох, сонгуулийн хороод, сонгуульд оролцогч бусад байгууллага сонгуулийн хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт, мониторинг хийх, сонгогчдын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, сонгуулийг хуулийн дагуу шударгаар явуулахад туслалцаа үзүүлэх эрхтэй болсон явдал юм. Түүнчлэн өмнө нь зөвхөн гадаадын ажиглагчид оролцож хянах боломжтой байсан сонгуулийн өдрийн үйл ажиллагааг шинэ хуулиар дотоодын иргэний нийгмийн байгууллагаас томилсон ажиглагчид хянах боломжтой болсон билээ.

Энэхүү боломжид тулгуурлан “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ анх удаа сонгуулийн өдрийн ажиглалтыг нам бус, сайн дурын залуусын оролцоотойгоор хийх боллоо. Ажиглалтыг сүлжээний шинэ гишүүн Өөрчлөлтийн Төлөө Залуу Эмэгтэйчүүд ТББ удирдан зохион байгуулах бөгөөд санал хураах, тоолох ажиллагаа хууль болон тогтоосон журмын дагуу явагдаж буй эсэхийг хянах ба ажигласан дүнгээ олон нийтэд тайлагнах юм. Ажиглагчдыг холбогдох хууль, журам, ёс зүйн зарчимтай танилцуулан сонгуульд ажиглалт хийх аргачлал эзэмшүүлэх сургалтад шат дараатай хамруулах  юм.  Сонгуулийн өдрийн ажиглалтад нийслэлд байрлах сонгуулийн 6 тойргоос 100 хэсгийн хороог түүвэрлэн авч хамруулахаар төлөвлөөд байна.

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээнд
нэгдсэн байгууллагуудын баримтлах ёс зүйн дүрэм

Aрдчилсан засаглалын бүрэн эрх ард түмний хүсэл эрмэлзлээр баталгаажих ёстой бөгөөд ардчилсан сонгууль нь хүний үндсэн эрх мөн болохыг тэмдэглэн,

Энэхүү эрхийн хэрэгжилтийн баталгааг хангахын тулд сонгуулийн үйл явц сонгогчдын хяналтын дор ил тод явагдах ёстой нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ болохыг онцлон,

Сонгуулийн үйл явцыг ардчилсан сонгуулийн зарчмаар шударга, бүх нийтийн, тэгш явагдах нөхцлийг бүрдүүлэхэд иргэний хяналтын гүйцэтгэх үүргийг чухалчлан,

Энэхүү хяналтыг шударга, төвч, үр ашигтайгаар хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ухамсарлан, 

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээнд нэгдсэн байгууллагууд санал нийлж дараах ёс зүйн дүрмийг баримталж ажиллахаа илэрхийлж байна.  

ХАРААТ БУС БАЙНА

Сонгуулийн үйл явцад хяналт тавихдаа аливаа улс төрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигч, төрийн байгууллагын нөлөөнөөс хараат бус,  ангид байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг хамгаалж ажиллана.

ХУУЛИЙН ХҮРЭЭНД ИЛ ТОД АЖИЛЛАНА

Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хүндэтгэн, хяналтын үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд ил тод явуулна. Тухайлбал хяналт тавих хугацаанд хуримтлуулсан мэдээлэл, мониторингийн аргачлал,  дүн шинжилгээ, тайлан зэрэг нь нийтэд ил тод байна. Энэ нь мэдээллийн эх сурвалжийн нууцлалыг хамгаалахад хамаарахгүй болно.

БАРИМТАД ТУЛГУУРЛАЖ АЖИЛЛАНА

Сонгуулийн үйл явцыг хянахдаа холбогдох баримтыг шалгарсан аргачлалын дагуу бүрдүүлж, шаардлагатай үед нотлоход бэлэн байна. Алдаатай мэдээлэл нийтэд хүргэсэн тохиолдолд нэн даруй залруулна.

ТОО БАРИМТЫГ БОДИТОЙГООР ШИНЖЛЭН ДҮГНЭЖ ТАЙЛАГНАНА

Бүрдүүлсэн тоо баримт, мэдээллийг шинжлэн дүгнэж, олон нийтэд хүргэхдээ хараат бусаар, үнэн зөв хийх бөгөөд дүн шинжилгээ, тайлангаа алдаа мадаггүй гаргана.


 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1316 
 Нийт хандалт:151472 
 Энэ сард:11731 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.