“Глоб Интернэшнл“ ТББ АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг дэмжих нь” төслийн хүрээнд эмэгтэй улс төрчдийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээлсэн байдалд хийсэн 2 дахь шатны мониторингийг 2012 оны 1-р сарын 16-22-ны өдөр, 2, 3-р сарын 1-7-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэв.
Хэвлэл мэдээллийн мониторингт өдөр тутмын “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, долоо хоног тутмын “Хүмүүс”, “Сэрүүлэг” сонин, (цаашид сонин гэнэ) МҮОНРТ, 25-р суваг ТВ (1-р суваг), Боловсрол суваг ТВ, (цаашид телевиз гэнэ) http://www.news.mn/, http://www.olloo.mn/, http://www.factnews.mn/, http://www.caak.mn/, http://www.medee.mn/, http://www.amjilt.com/, http://www.gogo.mn/, http://www.shuud.mn/ (цаашид цахим хуудас гэнэ) болон http://www.google.mn/ хайлтын системийг хамруулсан болно.
Ажиглагчид тусгайлан боловсруулсан түлхүүр асуулт бүхий тэмдэглэлт хүснэгтийн дагуу тоон болон чанарын мэдээлэл цуглуулж, Excel программд оруулж кодлон, SPSS 16.0 программаар боловсруулав. Мөн Google хайлтын системээс “эмэгтэй улс төрч, эмэгтэй нэр дэвшигч” гэсэн хоёр түлхүүр үг ашиглан хайлт хийж, сонгосон хугацаанд гарсан мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ.
Мониторингийн хугацаанд 5 сонин, 3 телевиз, 8 цахим хуудас, google.mn хайлтын систем бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмэгтэй улс төрчтэй холбоотой 420 мэдээлэл гарсан байна. Үүнээс 15 хувь нь сонинд нийтлэгдсэн, 66 хувь нь интернэтэд (8 цахим худас, google.mn) тавигдсан, 19 хувь нь телевизээр цацагдсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийт 52 эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээлэл гарсан. Үүнээс Д.Оюунхоролтой холбоотой мэдээлэл нийт мэдээллийн 13,5 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Харин одоогийн УИХ-ын эмэгтэй гишүүд болох С.Оюун, Д.Арвин, Д.Оюунхорол нартай холбоотой мэдээлэл нийт мэдээллийн 28,8 хувийг эзэлж байна. ХМХ-ээр эмэгтэй улс төрчдийн тухай сонинууд 1-4-р нүүрэндээ, цахим хуудсууд “Улс төр” буландаа, телевизүүд мэдээний цагаар хамгийн их мэдээлсэн байна. Нийт мэдээллийн 77 хувь нь төвийг сахисан байдлаар, 16 хувь нь эерэг, 6 хувь сөрөг байдалтай байна.
Эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээллийг шууд болон шууд бус гэж ангилсан. Нэр нь гарч байгаа эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээллийг тухайн хүн өөрөө өгсөн бол шууд, тухайн хүний тухай өөр улс төрч, иргэд, эсвэл сэтгүүлч хэлсэн, бичсэн мэдээллийг шууд бус хэмээн үзсэн. Ингэж үзэхэд эмэгтэй улс төрчидтэй хийсэн ярилцлага, сурвалжлага маш бага харин хэн нэгний ярианд, сэтгүүлчийн нийтлэлд дурьдагдаад өнгөрөх байдлаар ихэнх мэдээлэл нь гарсан байна. Энэ нь эмэгтэй улс төрчдийн үзэл бодол, дуу хоолой олон нийтэд хүрч чадахгүй, харин хоёрдогч хүний байр сууринаас тэдний талаарх ойлголт бий болж бодит бус мэдээллийг иргэд ихэвчлэн авч байна.
1-р шатны тайлантай харьцуулахад илүү олон эмэгтэй улс төрчдийн тухай гарсан ч мэдээлэл гарсан талбайн хэмжээ, үргэлжлэх хугацаа, шууд эсвэл шууд бус эх сурвалжтай зэргээс харахад мэдээллийн давтамж, эзлэх хэмжээ багасжээ. Харин тухайн эмэгтэй улс төрч болон төр засгийн шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн талаарх үнэлэмж эерэг өнгө аястай болсон. Тэдний талаарх ойлголт, тодорхойлолт, төсөөллийн утга агуулга дэмжсэн, магтсан байдлаар бичигдэж, эерэг хандлагатай болсон дэвшилттэй үр дүн харагдаж байна.
ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ
Их Британий Элчин Сайдын яамын санхүүжилтээр, Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг дэмжих нь” төслийн хүрээнд "Глоб Интернэшнл" ТББ 2 үе шаттай хэвлэл мэдээллийн мониторинг хийж гүйцэтгэлээ.
Нэгдүгээр үе шатанд 2008 оны УИХ-ын сонгууль (2008 оны 6-р сарын 21-27-ны өдөр), Ерөнхийлөгчийн “Иргэний танхим”-д болсон УИХ-ын сонгуулийн тухай хууль-Жендерийн тэгш эрх сэдэвт хэлэлцүүлэг (2011 оны 6-р сарын 13-19-ны өдөр), сонгуулийн хууль, эмэгтэйчүүдийн квотын асуудлыг эцэслэн шийдвэрлэх 2011 оны Намрын чуулган (2011 оны 10-р сарын 12-25-ны өдрийг дуустал)-тай холбогдуулан 3-н хэсэг хугацааг сонгон авч 5 сонин, 8 цахим хуудас, google.mn хайлтын системийн мэдээллийг хамруулсан.
Хоёрдугаар үе шатанд 2012 оны 1-р сарын 16-22-ны өдөр, 2, 3-р сарын 1-7-ны өдрийг дуустал 5 сонин, 8 цахим хуудас, google.mn хайлтын систем, нэмж 3 телевизийн 7 хоногийн эфирийн нэвтрүүлэгт мониторинг хийж, үр дүнг гаргалаа.
Хоёр мониторингийн мэдээлэл цуглуулсан арга зүй адилхан. Харин 2-р шатанд шинээр 3 телевиз орж ирсэнтэй холбогдуулан телевизийн нэвтрүүлэгт зориулсан түлхүүр асуулт бүхий тэмдэглэлт хүснэгт нэмэгдэж, сонин дээрх мэдээлэл төлбөртэй, төлбөргүйг тодруулсан асуултыг 2-р шатанд хассан болно.
Мониторингийн хугацаанд эмэгтэй улс төрчтэй холбоотой 420 мэдээлэл гарсан байна. Үүнээс 15 хувь нь сонинд нийтлэгдсэн, 66 хувь нь интернэтэд (8 цахим хуудас, google.mn) тавигдсан, 19 хувь нь телевизээр цацагдсан байна.
Өмнөх тайлантай харьцуулахад нийт эмэгтэйчүүдийн тоо 10 хүнээр нэмэгдэж, 52 эмэгтэй улс төрчдийн тухай мэдээлэл гарсан. Мэдээлэл гарсан тоогоороо 1-р шатанд С.Оюун, 2-р шатанд Д.Оюунхорол тэргүүллээ. Одоогийн УИХ-ын эмэгтэй гишүүд болох С.Оюун, Д.Арвин, Д.Оюунхорол нартай холбоотой мэдээллийн нийт мэдээлэлд эзлэх хувь 39-29 хувь болж буурсан ч нь 2-р шатанд сониноос бусад ХМХ-үүдэд дахин тэргүүлж байгаа нь эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээлэл одоогийн УИХ-ын 3 эмэгтэй гишүүн дээр төвлөрч байна.
Эмэгтэй улс төрчийн талаарх мэдээлэл хангалтгүй байна.
Эмэгтэй улс төрчдийн талаар сонинд эрэгтэйчүүдээс 5 дахин бага давтажтай мэдээлж, 9 дахин бага талбайд бичжээ. Мэдээлэл гарсан тоогоор С.Одонтуяа, П.Батчимэг нар тэргүүлж байгаа боловч мэдээллийн талбайн хэмжээ сонины тал нүүр болж байна. Харин М.Ичинноров, Н.Удвал нартай холбоотой тус бүр 2 мэдээлэл гарсан ч мэдээлэл гарсан талбайн хэмжээ 3,8 сонины нүүр материал гарчээ. Эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээллийн 50 хувь нь 1-4-р нүүрэнд нийтлэгдсэн байна.
Цахим хуудасны хувьд эмэгтэй улс төрчдийн тоо 27-22 болж буурсан. Мэдээлэл гарсан тоогоороо Д.Оюунхорол, Д.Арвин, Т.Ганди, С.Оюун нар, мэдээлэл байршуулсан тоогоороо http://www.news.mn/ дахин тэргүүллээ. Өмнөх мониторингийн дүнтэй харьцуулахад хамгийн их мэдээлэл байрласан “Улс төр” булангийн мэдээлэл 63 хувиар, нэмэгдэж, “Улс төрчид” булангийн мэдээлэл 92 хувиар буурсан байна.
Google хайлтын системийн хувьд мэдээлэл байрласан цахим хуудасны тоо буурч, мэдээлэл гарсан хүний тоо өсөж, давхардсан байдлаар 21 сайтаас 44 эмэгтэй улс төрчдийн тухай мэдээлэл илэрсэн. Өмнөх мониторингийн үеэр Д.Оюунхорол “Шилдэг эмэгтэй улс төрч”-өөр шалгарч хамгийн их мэдээлэл гарсан эмэгтэй улс төрч болж байсан бол 2-р шатанд сайд нарыг дахин томилохтой холбогдож Т.Гандитай холбоотой мэдээлэл их гарч байлаа.
Гурван телевизээр 15 эмэгтэй улс төрчдийн тухай нийт 2 цаг 50 минут, 53 секундын хугацаанд гаргасан байна. Үүнээс мониторинг хийгдсэн 7 хоногийн хугацаанд нэг нэг удаа гарч, бүтэн нэвтрүүлэгт оролцсон С.Одонтуяа, М.Батчимэг нар нийлээд 2 цаг 16 минут 24 секунд үргэлжилсэн. Үлдсэн 13 хүний тухай нийт 34 минут 29 секунд мэдээлэл гарсан байна. Энэ нь нэг хүнд 3 хүрэхгүй минут оногдож байна. Мэдээллийн 73 хувь нь аль нэг мэдээний цагаар гарсан ба 1-р сарын 19-нд буюу Пүрэв гаригт хамгийн олон хүний тухай мэдээлэл цацагджээ.
Тухайн нэр дэвшигчийн болон төр засгийн шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн талаарх үнэлэмж эерэг хандлагатай болжээ.
Өмнөх тайлан дээр эмэгтэйчүүдтэй холбоотой мэдээллийн 58 хувь нь төвийг сахисан байдлаар, 25 хувь эерэг байдлаар, 17 хувь сөрөг байдлаар бичигдсэн байсан. Харин 2-р шатанд нийт мэдээллийн 77 хувь нь төвийг сахисан, 16 хувь нь эерэг, 6 хувь сөрөг байдлаар нийтлэгдсэн. Сонгогдсон ХМХ-үүдийн хувьд эерэг мэдээлэл давамгайлсан байна.
Сонинд гарсан эмэгтэйчүүдийн тухай мэдээллийн 91 хувь нь төвийг сахисан, 6 хувь нь эерэг, 3 хувь нь сөрөг байдлаар бичигдсэн.
Цахим хуудсуудын хувьд нэр бүхий эмэгтэйчүүдийн тухай мэдээллийн 80,5 хувь нь төвийг сахисан байдлаар, 12 хувь нь эерэг, 7,5 хувь нь сөрөг байдлаар бичсэн. Төр, засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд байх эсэх, хэр чухал байгаа талаар дурьдагдсан мэдээллүүдийн 37 хувь нь “зайлшгүй хэрэгтэй”, 50 хувь нь “тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй”, 13 хувь нь “байж ч болно байхгүй байсан ч болно” гэж үзсэн.
Google хайлтын системийн хувд 56 хувь нь төвийг сахисан байдлаар, 39,5 хувь нь эерэг, 4 хувь нь сөрөг байдлаар бичигдсэн. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд байх эсэхийг хөндсөн таван мэдээлэл гарснаас 4 нь тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй, 1 нь эмэгтэй улс төрч байж ч болно байхгүй байсан ч болно, төдийлөн чухал биш гэж үзсэн байна.
25-р суваг ТВ-ээр гарсан эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээллийн 4 хувь нь эерэг, 82 хувь нь төвийг сахисан байдлаар, 4 хувь нь сөрөг байдлаар гарсан. Харин МҮОНРТ-ээр гарсан мэдээллийн 92 хувь нь төвийг сахисан байдлаар, үлдсэн 8 хувь нь эерэг өнгө аястай байв.
Эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээлэл шууд бус байдлаар бичигдэж байна.
ХМХ-үүдээр гарч байгаа эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээллийг шууд болон шууд бус гэж ангилсан. Нэр нь гарч байгаа эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээллийг тухайн хүн өөрөө өгсөн бол шууд, өөр эх сурвалжаас буюу хэн нэгэн улс төрч, иргэд, эсвэл сэтгүүлч хэлсэн, бичсэн мэдээллийг шууд бус хэмээн үзсэн. Шууд эх сурвалжтай мэдээлэл сонин дээр нэлээд бага (5 дахин), интернэт дээр эрс бага (13-24 дахин), телевиз дээр харьцангуй бага (1-2 дахин бага) хувиар гарсан байна.
Эмэгтэй улс төрчдийн талаарх ойлголт, үнэлэмж, тодорхойлолт, төсөөлөлд эерэг хандлагатай болжээ.
Мониторингийн 2-р шатны буюу төгсгөлийн тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж PDFхувилбараар уншиж болно.