“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас Шударга сонгуулийн төлөө “Иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр хийх хэвлэл мэдээллийн мониторинг эхэллээ.
Мониторинг нь телевиз радио нь сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.14 хэсэгт заасны дагуу сонгуулийн сурталчилгааны тэнцвэрт байдлыг хангаж, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэж, редакцийн хараат бус байдлыг ханган, сэтгүүл зүйн мэргэжлийн зарчим, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж буйг тандах зорилготой юм.
Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1. Олон нийтийн телевиз нь сонгуулийн сурталчилгаатай холбогдсон сурталчилгааны нэвтрүүлгийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарь, цагийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлж байгаа эсэх
2. Тэнцвэртэй сурталчилгаа
- Цаг хуваарилалт
- Мэдээллийн өнгө аяс
3. Сонгуулийн хараат бус сэтгүүл зүйн нэвтрүүлгийн цаг, чанарыг тодорхойлох
- Мэдээний хөтөлбөр
- Сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн тусгай хөтөлбөр
- Мэтгэлцээн
4. Олон нийтийн телевизээс бусад телевизийн сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт хоёр цагаас илүүгүй байгаа эсэх
5. СЕХ, ХХЗХ-оос гаргасан журмын 3.1-д заасныг зөрчиж аливаа хэлбэрийн далд сурталчилгаа явуулж байгаа эсэхийг илрүүлнэ.
Мониторингийн хугацаа
Мониторингийг 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх 2012 оны 6 дугаар сарын 06-26-ны өдрийг дуусталх хуулиар зөвшөөрөгдсөн 21 хоногийн хугацаанд болон сурталчилгаа явуулахыг бүрэн хориглосон сонгуулийн өмнөх өдөр буюу 27-ны өдрийг оролцуулан нийт 22 өдрийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Мониторинг 3 үе шаттай хийж тухай бүрт нь хэвлэлийн бага хурал зарлан судалгааны үр дүнг нийтэд танилцуулна.
• 1-р хэсэг 6 дугаар сарны 06-11 өдрийг дуустал, нийт 6 өдөр
• 2-р хэсэг 6 дугаар сарын 12-19 өдрийг дуустал, нийт 7 өдөр
• 3-р хэсэг 6 дугаар сарын 20-27 өдрийг дуустал, нийт 8 өдөр
Мониторингийн хамрах хүрээ
Мониторингт хамрагдах телевизүүдийг доорх шалгуурыг үндэслэн сонгов. Үүнд:
- Олон нийтийн буюу төсвийн санхүүжилт ашигладаг.
- Хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг
- Үзэгчдийн тоо, рейтинг өндөр
- Зах зээлд удаан хугацаагаар оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулж буй
- Зөвхөн агаарын долгион ашигладаг
Мониторингд хамрагдах телевиз:
1. Монголийн үндэсний олон нийтийн радио телевиз
2. UBS телевиз (I суваг)
3. ТВ5 телевиз (I суваг)
4. ТВ9 телевиз (I суваг)
5. 25-р суваг телевиз (I суваг)