ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова энэ жилээс эхлэн тэмдэглэж буй “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулсан илгээлт
2014 оны 11 дүгээр сарын 2
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрхэм чанарын үндэс бөгөөд хууль ёсыг дээдлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд зайлшгүй чухал хүний суурь эрх юм. Бидний амьдарч буй өөрчлөлтийн эрин үед иргэдийг өөрсдийн ахуй амьдрал, амьдарч буй нийгэмд нь хамаатай, ул суурьтай шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах нь ихээхэн ач холбогдолтой.
Үүний тулд бид сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага, мөн олон нийтийн сүлжээгээр дамжуулан сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэгч нарын хамтын ажиллагаанд түшиглэдэг. Гэвч тэдний аюулгүй байдлын баталгаа алдагдсан бөгөөд сүрдүүлэг заналхийлэл, хүчирхийлэлд өртөх, тэр бүү хэл амь насаа алдах эрсдэлтэй тулгарч байна.
Эдгээр сүрдүүлэг заналхийлэл ноцтой хэмжээнд хүрчээ. Дунджаар, долоо хоног бүр нэг сэтгүүлч амь насаа алдаж байна. Тэдний дунд өөр улсад мэргэжлийн үүргээ гүйцэтгэж явсан сурвалжлагчид байгаа хэдий ч, хохирогчдын дийлэнх нь гэмт үйлдлийг өөгшүүлэн, ял шийтгэлгүй үлдээдэг нөхцөлд амьдарч буй, орон нутгийн сэтгүүлчид байна. Ийм нөхцөл байдал нь гэм буруутан эрээ цээргүйгээр сэтгүүлчдэд халдах, ингэснээр мэдээлэл түгээхэд саад тотгор учруулдаг. Ял шийтгэлгүй үлдээж буй нь дарамт шахалтаас эмээсэн өөрийн цензур бий болгодог. Энэ нь олон нийтийг ач холбогдол бүхий чухал мэдээ, мэдээллийн эх сурвалжаас салгах хор хөнөөлтэй.
2013 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей ял шийтгэлгүй үлдээж буй тулгамдсан асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, уг үйлдлийг эсэргүүцэн тэмцэхэд хүчин чармайлт гаргах зорилгоор 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгон зарласан юм. Энэ өдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 2-нд Мали улсад сэтгүүлч Жислен Дюпон, Клод Версон нарын амийг хороосон.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей, энэ өдөрт зориулсан үйл ажиллагааг холбогдох бүх түншийн хамтаар удирдан зохион байгуулах үүрэг ЮНЕСКО-д ноогдуулсан. НҮБ-ын системийн байгууллагууд, засгийн газрууд, олон улсын хамтын нийгэмлэг, иргэний нийгмийн хүчин чармайлтыг нэгтгэж, бодит ахиц дэвшилд хүрэхэд “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх” НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөны зорилго оршиж байна.
Анх удаа тэмдэглэж буй “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-өөр миний бие бүх Засгийн газарт хандан сэтгүүлчийн амь насыг хороосон хэрэг бүрийг цаг алдалгүй, шуурхай мөрдөн шалгах, мөн сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахад тууштай хамтран ажиллахыг бүх түншүүдэд уриалж байна.
Ял шийтгэлгүй үлдээж буй асуудалтай эвлэрэх ёсгүй. Бид 11 дүгээр сарын 2-ны өдөр сэтгүүлч бүрийг мэргэжлийн ажлаа аюулгүй нөхцөлд явуулах боломж олгохын төлөө дуугаа нэгтгэвэл зохино.
Ирина Бокова
|