Хэвлэлийн мэдээОгноо: 2017 оны 9 дүгээр сарын 1.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдалд хамгаалал, дэмжлэг талаас ахиц гарсан ч хүний эрхийг хамгаалагчдад болон сэтгүүлчдэд сүрдүүлэг, заналхийлэл, халдлагад өртөх эрсдэл байсаар байна.
Иймд НҮБ-д зөвлөх эрхтэй, Азийн 19 оронд гишүүнчлэлтэй, хүний эрх, хөгжлийн төлөөх Азийн Форум /FORUM-ASIA/-аас Хүний эрх хөгжил төв, Глоб Интернэшнл төвтэй хамтран 2017 оны 9 дүгээр сарын 2-6-ны өдөр цуврал үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. Эдгээр нь Монгол дахь хүний эрхийн хамгааллыг хөхиүлэн дэмжих, хүний эрхтэй холбоотой зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд Хүний эрхийн үндэсний комисс, УИХ, улс төрийн намуудын оролцоог нэмэгдүүлэх төдийгүй хүний эрхийг хамгаалагчид, иргэний нийгмийг дэмжих зорилготой юм.
2017 оны есдүгээр сарын 2-3-нд гурав дахь удаагийн хүний эрхийг хамгаалагчдын үндэсний зөвлөгөөнийг “Хүний эрх хамгаалагчдын сүлжээ, хамгааллын механизм” сэдвийн хүрээнд зохион байгуулна. Зөвлөгөөн нь Монгол дахь хүний эрхийг хамгаалагчдад тулгамдаж буй асуудал, боломжийг судлан шинжлэх, аюулгүй байдал, хамгаалалтыг сайжруулахуйц мэдлэг, чадварыг эзэмшүүлэхийн зэрэгцээ тэднийг хамгаалж, хөгжүүлэх үндэсний механизмыг нь өргөтгөхөд чухал нөлөө үзүүлнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.
Азийн Форумаас 2015-2016 онд Монгол дахь хүний эрхийн асуудлыг эергээр ойлгуулах, хамгааллын асуудлаар өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг дүгнэн Монгол дахь иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн үндэсний комисс болон улс төрийн намуудтай уулзалт, ярилцлага хийхээр төлөвлөж байна. Эдгээр нөлөөллийн ажилд маань Камбожийн Парламентын гишүүн Сон Чайя оролцоно.
2017 оны есдүгээр сарын 6-нд Монгол дахь хүний эрхийг хамгаалагчид, бусад сонирхлын бүлгийн оролцоонд хийсэн дүн шинжилгээ, санал бодол, зөвлөмжүүдээ танилцуулах зорилгоор сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулна. Уулзалтын үеэр талууд Монгол дахь хүний эрхийн хамгаалал, түүнийг хөхиүлэн дэмжихээс эхлээд хүний эрхийн асуудалтай холбоотой гарсан зөвлөмжүүд, бэрхшээл болон хөгжлийн асуудлаар ярилцана.
Азийн Форум нь 2015-2016 онд Монгол дахь хүний эрхийн төлөө хөдөлгөөнүүдийг бэхжүүлэх, тэднийг дэмжихийн тулд сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байсан туршлагатай юм.
Хүний эрх, хөгжлийн төлөө Азийн Форум
Хүний эрх хөгжил төв
Глоб Интернэшнл төв
Нэмэлт мэдээлэл
Сон Чайя нь Камбожийн Үндэсний авралын намын хамгийн нөлөө бүхий гишүүдийн нэг бөгөөд 1993 оноос хойш Камбожийн үндэсний ассамблейд сонгогдож байгаа. Тэрбээр 1998 оныг хүртэл өөрийн төрсөн нутаг болох Сиэм Рийпээс хоёр ч удаа сонгогдон ажилласан бол 2003 оноос өнөөг хүртэл Камбожийн Үндэсний Ассамбалейд нийслэлээ төлөөлөн ажиллаж байгаа туршлагатай улс төрч юм. Түүний хувьд авлигын эсрэг хүчтэй тэмцэгч төдийгүй эрх чөлөөт ардчилсан үзэл, хүний эрхийг хөхиүлэн дэмжигч гэдгээрээ улсдаа хүндэтгэл хүлээсэн төрийн түшээ юм.
Хүний эрх, хөгжлийн төлөөх Азийн Форум нь 1991 онд байгуулагдсан, НҮБ-д зөвлөх эрхтэй бүсийн хүний эрхийн байгууллага юм. Үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хуран цуглах эрх чөлөө болон хүний эрх хамгаалагчид, ардчилалтай холбоотой бүсийн хэмжээнд гарсан зөрчлүүдийг шийдвэрлэхэд анхаарч ажилладаг. Бангкок хотод төвтэй Жакарта, Катманд, Женевт байнгын оффистой Азийн Форум нь 19 улсад 58 гишүүн байгууллагатай бөгөөд Глоб Интернэшнл төв, Хүний эрхийн хөгжил төв нь тус байгууллагын гишүүн юм.
Хүний эрх хөгжил төв нь 1998 онд хүний эрхийн идэвхтнүүд, хуульч судлаачдын санаачлагаар байгуулагдсан ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм. Тус байгууллага нь хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, хөгжлийн албан ёсны зээл тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөгжил дэх иргэний нийгмийн үүрэг ролийг нэмэгдүүлэх, олон улсын хүний эрхийн механизмыг үр дүнтэй ашиглах зэрэг чиглэлүүдээр тодорхой үйл ажиллагаанууд явуулдаг билээ.
Глоб Интернэшнл төв нь 1999 онд Улаанбаатар хотноо байгуулагдсан, нийгэмд vйлчилдэг, гишvvнчлэлгvй, ашгийн төлөө бус байгууллага юм. Тус байгууллага нь мэдээлэл, мэдлэгийн хүчийг түгээж, Монголд ардчилал, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих зорилгынхоо хүрээнд нийгэмд эерэг өөрчлөлт авчрах олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн Монголын ууган төрийн бус байгууллагуудын нэг юм.