Интернэтийн хэрэглээ хором тутам хүрээгээ тэлж, иргэд өөрсдийн хүссэн мэдээллийг цаг алдалгүй авах боломж улам нээлттэй болсоор байна. Гэвч энэ их урсгалын дунд интернэт орчинд хүний эрх зөрчигдөх байдал хаа сайгүй гаарч эхэллээ. Ялангуяа дэлхийн хүн амын тал нь оршин сууж буй, хамгийн том тив болох Азийн хувьд энэ асуудал маш чухлаар тавигдах цаг нэгэнт ирсэн байна. Үүнтэй холбогдуулж, интернэт орчин дахь шинэ тутам бэрхшээлүүд, боломжууд, нэгдмэл ашиг сонирхлууд, шинэ хандлагууд нь юу байгааг тодорхойлох зорилгоор Азид үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй иргэний нийгмийн төлөөлөл оролцсон “Интернэтийн төлөв байдал” бүсийн зөвлөгөөн 2017 оны 10 дугаар сарын 4-6-ны өдөр Тайландын Бангкок хотноо боллоо.
Зөвлөгөөнд НҮБ-ын Тусгай илтгэгч Дэвид Кэй оролцсон нь энэ удаагийн бүсийн зөвлөгөөний ач холбогдлыг улам нэмэгдүүлсэн бөгөөд тэрбээр онлайн болон бодит ертөнц дэх нийтийн болон хувийн эрхийн огтлолцол хаана, ямар байдалтай оршин буйг тодорхойлоход чиглэсэн илтгэлүүд тавьсан юм. Түүнээс гадна зөвлөгөөнд оролцогчид “онлайн дахь цензур болон хэвлэл мэдээллийн эсрэг халдлага”, “улс төр болон улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх”, “бэлгийн сонирхлоо чөлөөтэй илэрхийлэх”, “урлагаар дамжуулж үзэл бодлоо илэрхийлэх” болон “шашин, цөөнх ба үзэн ядалт” гэсэн сэдвүүдийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Нэн тэргүүнд олон нийтийн сүлжээнд хэвлэн нийтлэгдэж буй материалууд болон сэтгэгдлээр дамжуулж бусдын эрхийг зөрчих цаашлаад амь насанд нь заналхийлэх явдлыг хэрхэн зохицуулах нь нэн шинэ үеийн сорилт болон гарч ирж буйг бүгд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байлаа. Мөн дэлхий дахинд өргөн хэрэглэгддэг олон нийтийн сүлжээнүүд нь томоохон корпорациудын шууд мэдэлд байгаа нь эргээд тухайн улс орны дотоодын хууль дүрмээс давсан эрх мэдлийг цөөн хүний гарт авчирч буй нь асуудлыг улам хурцатгах хандлагатай байгаа юм.
Ардчилсан бус, дарангуйллын шинж чанар бүхий тогтолцоот орнуудад хуулийн өргөн тайлбарыг ашиглаж, интернэтийн орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг шууд боомилох, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ял шийтгэл оногдуулах байдал улам гаарч эхэлсэн. Ялангуяа Пакистан, Энэтхэг, Малайз, Тайланд, Камбожи, Мьянмар зэрэг оронд интернэт орчинд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө оноож буй ял шийтгэл нь илүү харгис шинж чанартай болж байна. Мөн үндэсний аюулгүй байдал, цахим аюулгүй байдлыг хангах нэрийдлээр тусгайлан хууль баталж, үүнийгээ хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг боомилох зэвсэг болгон ашиглаж эхэлсэн нь ардчилсан хүмүүнлэг, иргэдийн оролцоог тэгш хангасан нийгмийг бий болгох үйлсэд заналхийлж байгаа юм. Тухайлбал, Засгийн газраас авч буй хатуу арга хэмжээ, интернэт орчин дахь заналхийлэл зэргээс болж хамгийн түрүүнд шашны, бэлгийн цөөнхүүд болон эмэгтэйчүүдийн язгуур эрхийг хамгаалах дуу хоолой улам суларч байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.
Тиймээс үндэсний, бүсийн болон олон улсын түвшинд засгийн газрууд хүний эрхийн талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах боломжуудыг судлах, олон нийтийн сүлжээ эзэмшиж буй томоохон корпорациуд хэрэглэгчдэд үйлчлэх үүргээ биелүүлэхийг шаардах хэрэгтэй байна. Ингэхдээ бүсийн хэмжээнд түгээмэл тохиолддог асуудлуудын тодорхойлж, түүнийгээ НҮБ-ын Тусгай илтгэгчийн тайланд нэмж оруулах зэргээр НҮБ-ын үндсэн механизмуудыг ашиглахаар оролцогчид санал нэгдсэн юм.
Монгол Улсад Зөрчлийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудаар иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг боомилж буйг НҮБ-ын Хүний эрхийн хорооны ээлжит тайланд дурдсан байдаг. Мөн манай улсад редакцийн цензур газар авч байгаа явдал нь дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн үндсэн үүрэг болох үнэн бодит мэдээллийг нийгэмд түгээх ажил нь улс төрийн болон бизнесийн цөөнхийн эрх ашгийг хамгаалах зэвсэг болж иргэдийн эсрэг ашиглагдаж байгаа нь цаашдаа нийгэмд томоохон эрсдэл бий болгох хандлагатай байна. Иймд редакцийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн болон дотоод зохицуулалтын механизмтай болох ажлыг эхлүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байна.