Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2017.11.14

Төв Азийн хэвлэл мэдээллийн 19 дүгээр бага хурлаас гаргасан зөвлөмж


ТӨВ АЗИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН 19 ДҮГЭЭР БАГА ХУРАЛ
Төв Ази дахь нээлттэй сэтгүүл зүй

2017 оны 10 дугаар сарын 18-19, Ташкент, Узбекистан

ЗӨВЛӨМЖ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчийн газраас 2017 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулсан Төв Азийн хэвлэл мэдээллийн 19 дүгээр бага хуралд Узбекистан, Казакстан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Монгол улсаас оролцсон 100 гаруй сэтгүүлч, төрийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, академич эрдэмтэд болон олон улсын шинжээчдийн гаргасан зөвлөмжийг энэхүү баримт бичигт нэгтгэв.

Цахим технологи, интернэт хөгжихийн хэрээр хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн, түгээлт, хэвлэл мэдээлэл дэх хэрэглэгчийн оролцоо, иргэний сэтгүүл зүйн хөгжилд асар их ахиц гарч байна. Үүний зэрэгцээ, шинээр үүсч буй уг нөхцөл байдлын улмаас хэвлэл мэдээлэл цөөн хүний эзэмшилд төвлөрөхөөс эхлээд үзэн ядалтаас үүдэх үг хэллэг, буруу ташаа мэдээлэл, ухуулга суртал зэрэг хууль бус контент түгээх хүртэл олон асуудал бэрхшээл дагуулж байна.

Засгийн газрууд нутаг дэвсгэрийнхээ хил хязгаарын аюулгүй байдлыг хангах, улс орноо терроризмын аюул заналаас сэргийлэх хууль ёсны зорилгоо биелүүлэх явцдаа төрөл бүрийн эх сурвалжаас бүхий л мэдээллийг саадгүй олж авах, түүнийгээ түгээх өргөн боломжоор иргэдээ хангах нь зүйтэй.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг аливаа байдлаар хязгаарлахдаа хууль, хэвлэлийн эрх чөлөөний талаарх олон улсын үүрэг амлалтыг даган мөрдөж, дүйцэхүйц бөгөөд нарийн тодорхойлогдсон зорилготой байх ёстой.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь ардчилсан нийгмийн үндэс суурь бөгөөд хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикал үзэлтэй тэмцэх урьдач нөхцөл болдог. Мөн тэгш байдлыг хөхиүлэн дэмжих, хүлцэшгүй зан байдалтай тэмцэхэд шийдвэрлэх үүрэгтэй.

Тус бага хуралд оролцогчид дараах зөвлөмж гаргав. Үүнд:

1. ЕАБХАБ-ын Оролцогч улсууд хэвлэл мэдээллийн олон янз байдлыг хөхиүлэн дэмжиж, нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийг мэдээлэл харилцаагаар хүртээмжтэй хангах, тэдэнд өөрсдийгөө илэрхийлэх, чухал яриа хэлэлцээнд оролцох боломж олгох үүрэг хүлээнэ.

2. ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч нь Оролцогч улсуудад терроризмын үйл ажиллагаанаас иргэдээ хамгаалах хууль ёсны зорилгоо биелүүлэхийн хамтаар хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлсээр байх шаардлагатай.

3. Оролцогч улсууд терроризмтой тэмцэх хүрээнд хэвлэл мэдээлэл, цахим боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулан, тогтворжуулах нь зүйтэй.

4. Контент хаах, устгах ажиллагааг хэвлэл мэдээллийн салбарт хүлээсэн олон улсын болоод ЕАБХАБ-ын үүрэг амлалтад нийцүүлэн, гагцхүү онцгой нөхцөлд хийх бөгөөд энэ нь шүүх байгууллагын хараа хяналт дор, давж заалдах журамд нийцүүлэн, үнэн шударга, ил тод явагдах ёстой.

5. Сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээнд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн омбудсмен, хэвлэл мэдээллийн зөвлөл зэрэг өөрийн зохицуулалтын үр дүн бүхий хараат бус арга хэрэгслийг бий болгох нь зүйтэй. Ийм арга хэрэгсэл буй аль ч газарт цахим хэвлэл мэдээллийн эрин дэх сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эрх, үүрэгтэй холбогдуулан уян хатан цар хүрээ тогтоохын тулд түүнийг бэхжүүлэх шаардлагатай. Бага хуралд оролцогчдын зүгээс хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага, сэтгүүлчдийн эвлэл холбоодод терроризм, экстремизмын асуудлаар мэдээлэх заавар зөвлөмж боловсруулахад идэвх чармайлт гаргахыг зөвлөж байна.

6. Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сүрдүүлэг заналхийлэл ноцтой түвшинд байсаар байна. Бага хуралд оролцогчид төрийн байгууллагуудад хандан, энэ асуудлыг анхааралдаа авч, эдгээр төрлийн халдлагаас урьдчилан сэргийлэхэд хангалттай нөөц хөрөнгө хуваарилах, гарсан гэмт үйлдлийг мөрдөн шалгаж, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж байхыг шаардаж байна.

7. Шүүмжлэл өрнүүлсэн сэтгүүлчдийг мохоохын тулд тэднийг дур зоргоор хорих, экстремист үйл ажиллагаа явуулсан гэх хэрэг тэдэнд тохохыг үл тэвчинэ.

8. Гүтгэх, доромжлохыг гэмт хэрэгт тооцох нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлэх бөгөөд нэр төр, алдар хүндэд халдсан гэх иргэний маргаан шийдвэрлэхдээ нөхөн төлбөрт хэт өндөр торгууль ногдуулах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн цаашид оршин тогтноход аюул учруулна. Түүнчлэн баривчлах, иргэний харьяаллаас хасах, сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хязгаарлах зэрэг хэт хатуу хориг арга хэмжээ дээрх хор уршиг дагуулна.

9. Бага хуралд оролцогчид ЕАБХАБ-ын Оролцогч улсуудад хандан, мэргэжлийн үүргээ гүйцэтгэсний улмаас хоригдож буй, саатуулагдсан хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч, нийтлэлчдийг даруй суллахыг шаардаж байна.

10. Бага хуралд оролцогчдын зүгээс ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчид хандан, шинэ технологи хөгжиж, терроризмын аюул занал өсөн нэмэгдэж буйн улмаас хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зохицуулах хууль тогтоомжид оруулах шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх талаарх ЕАБХАБ-ын хүсэл зоригтой нийцүүлэн эрх зүйн хараат бус дүн шинжилгээ хийхийг уриалж байна.

Эх сурвалж: http://www.osce.org/fom/353696


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:249287 
 Энэ сард:21429 
 Өнөөдөр:18 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.